Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн "азын" дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг энэ сард дахин зохион байгуулах гэж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд auction.transdep.mn сайтаар явагдана.
Сануулахад, азын дугаарын өмнөх дуудлага худалдаа хоёрдугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд явагдсан. Дуудлага худалдааны эхний өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд нээлттэй дуудлага худалдаагаар иргэдэд санал болгосон 20 дугаараас 0001 УАР дугаар 427 сая 450 мянган төгрөгийн үнэд хүрснийг тухайн үед мэдээлж байсан билээ.
Тэгвэл уг дугаарт хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч дугаарыг аваагүй учраас гуравдугаар сарын 22-ны өдөр болох дуудлага худалдаанд дахинд оруулахаар болжээ.
Тодруулахад, өмнөх дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр буюу 46 сая төгрөгөөр 7777 гэсэн дугаар зарагдсан. Дараагийнх нь 9999 гэсэн дугаар 20 сая төгрөгөөр зарагджээ. Тээврийн хэрэгслийн 183 дугаар санал болгосон дуудлага худалдаанаас 410 гаруй сая төгрөг орж иржээ.
2021.03.22-ны 09:00 цагаас эхлэх дуудлага худалдаагаар худалдах улсын дугаарыг танилцуулья:
1.Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд
2.Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
3.Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг
4.Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
5.Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
6.Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.
7.Холбогдох утасны дугаар: Лавлах утас 1900-1234
“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ