Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон.
Хөл хорио тогтоох хугацаанд ямар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дээр тандалт судалгааны 20 баг ажиллаж байна. Бид өнөөдөртөө багтаад хорооны иргэдийн 80 хувийг шинжилгээнд хамруулна. Маргааш 100 хувь авч дуусгана. Иргэдийн шинжилгээг авч дуусгаад 50-65 насны 2800 орчим иргэнийг вакцинжуулалтад хамруулна. Үүний дараа хороог халдваргүйжүүлэлт хийнэ.
Ялангуяа байрны айлуудад халдвар голомтлон гарах шинж тэмдэг ажиглагдаж байсан. БЗД-ийн 26 дугаар хороо бол дүүргийн хэмжээн дэх хамгийн том хороо, 31 мянган хүн амтай. Хязгаарлалтын хугацаанд 18-аас дээш насны 16 мянга гаруй иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөсөн.
Шадар сайдын 20 дугаар тушаалд хөл хориог чангатгах тал дээр татгалзаж байгаа. Тэр утгаараа эдийн засгийг чөлөөтэй байлгах, аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж байгаа. Гэхдээ БЗД-ийн 26 дугаар хороонд зайлшгүй шинжилгээ хийх шаардлага гарсан учраас хөл хорио тогтоож байгаа юм.
Иргэд маань мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж ажиллах шаардлагатай байна. Хөл хориог эрт зарлавал иргэд хорооноос гараад зуслан гээд өөр газар руу явдаг учраас бид өчигдөр орой мэдэгдсэн" гэлээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Шинжилгээ, дархлаажуулалт гэрээр явагдах уу?
-Шинжилгээг явуулын баг гэрээр нь орж авна. Шинжилгээнд хамрагдах ёстой айл өрх гэртээ байхгүй тохиолдолд тэмдэглэгээ хийнэ. Өмнө нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" гэж авсан бол одоо иргэн бүрээс шинжилгээ авна.
Харин дархлаажуулалтын хоёр цэг гаргана. 133 дугаар сургууль болон хорооны эмнэлэг дээр нэг цэг гаргахаар бэлтэгл ажлыг хангасан.
-Иргэддээ урьдчилж мэдэгдэлгүй гэнэт хөл хорио тогтоож байгаа нь бизнес эрхлэгчдэд халгаатай байдаг шүү дээ?
-Бид мэдэж байгаа. Мэргэжлийн байгууллагын шийдвэрийг үндэслэн Засаг дарга шийдвэр гаргасан. Дүүрэг өөрөө дур мэдэн хөл хорио тогтоох ямар ч эрх мэдэл байхгүй.