Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн цагаар “Хүмүүс ямар байдлаар халдвар аваад байгаа вэ. Амны хаалттай байсан ч халдвар аваад байгаа юу” гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Амны хаалт буюу маск нь халдвараас хамгаалах хэрэгслийн зөвхөн нэг хэсэг. Халдвараас сэргийлж бидний авч байгаа арга хэмжээ 100 хувийн үр дүнтэй байж чадахгүй.
АНУ-ын Халдварт өвчний хяналтын төвөөс хамгийн сүүлд гаргасан судалгаанаас харахад нэг удаагийн мэс заслын амны хаалт халдварын тархалтаас 40 хүртэлх хувиар хамгаалж байна гэсэн үр дүн байгаа. Мэс заслын амны хаалт дээрээ даавуун амны хаалт зүүж зай завсрыг нь байхгүй болгож чангалж зүүсэн тохиолдолд халдварын тархалтыг 80 хүртэл хувиар бууруулж байгаа гэсэн үр дүн гарсан.
Тиймээс ямар ч үр дүн 100 хувь биш учраас та бүхэн маскаа зүүх, гараа угаах, зайгаа барих, агаар сэлгэлт хийх, ариутгал цэвэрлэгээ хийх энэ арга хэмжээнүүд байнга зэрэг явагдаж байж бид өөрсдийгөө халдвараас сэргийлж чадна” гэж хариуллаа.