ХӨСҮТ-ийн ажилтан хувийн шугамаар, танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар өөрчилдөг, шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг зэрэг асуудал олны анхааралд байна.
Энэ талаар Шадар сайд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан "ХӨСҮТ-д асуудал байна. Байх, байхдаа бүр ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. Нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн ч эерэг гараад энд тэнд халдвар тархаж, эрсдэл гарч эхэллээ. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын зөвхөн нэг нь шүү" хэмээн шүүмжилж, болсон явдлыг олон нийтэд ил болгосон юм.
Тэгвэл ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн энэ тухайд "Энэ бол маш ноцтой мэдээлэл. Бид энэ асуудлыг тэр чигээр нь чухалчлан авч үзэж, нягталж, судалж байгаа. Хэрэв энэ үйлдэл нь үнэн байж, баримтаар нотлогдвол бид байгууллагынхаа дотоод журмын дагуу арга хэмжээ авна" гэж Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн мэдээллийн үеэр байр сууриа илэрхийллээ.