Монгол Улсад коронавирусийг сумандаа эмчилсэн анхны тохиолдол Завхан аймгийн Шилүүстэй суманд бүртгэгдлээ. Тухайн аймагт коронавирусийн зургаан тохиолдол бүртгэгдэж, өчигдөр хоёр хүнийг амжилттай эмчилж гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ. Иймд тухайн сумын нөхцөл байдал, эмчилгээний явцын талаар “Ковид-19”-ийн эмчилгээний багийг ахлан ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн Клиник профессор, тэргүүлэх их эмч Ч.Гантуултай ярилцлаа.
Завхан аймагт одоо эмчлэгдэж байгаа хичнээн өвчтөн байгаа вэ, мөн хяналтад байгаа өвчтөн бий юу?
Энд нийтдээ зургаан хүнээс Ковид-19 илэрсэн. Үүнээс хоёр хүн өчигдөр эдгэрээд гарсан. Мөн ажиглалтад 7 хүн байснаас 5 хүний шинжилгээний хариу сөрөг гарч гэртээ харьсан.
Хоёр эдгэрсэн хүний хувьд нэг нь сахартай хүндэвтэр байсан. Харин өнөөдөр эмчлэгдээд гэрийн тусгаарлалтанд гарсан.
Харин одоо эмчлэгдэж байгаа дөрвөн хүний дунд хавдарын эцсийн шатанд орсон нэг хүн байгаа. Түүнээс гадна хүндэвтэр нэг хүн байсан. Тухайн хүн толгой өвдөж, огиж бөөлжиж, хамраас цус гарсан шинж тэмдэгтэй анх ирсэн бол одоо хөнгөн рүү шилжиж маш сайхан болсон.
Хавдартай хүнд ямар эмчилгээ хийж байгаа вэ?
Хавдартай хүнд зөвхөн Ковидын стандартын эмчилгээ хийж байна. Тухайн шинж тэмдэгт зориулсан эмчилгээ гэсэн үг. Тухайн хавдартай хүнийг зөөвөрлөх боломжгүй учраас суманд эмчилж байгаа замдаа ямар нэгэн зүйл болох эрсдэл өндөртэй. Сумаас гараад бараг аймаг руугаа ч очих боломжгүй хүн байгаа юм.
Та Завхан аймаг руу хэзээ томилогдсон бэ, хэзээ буцах вэ?
Гуравдугаар сарын 3-нд тушаал аваад Завхан аймгийн Шилүүстэй сум руу явсан. Замдаа нэг хонож гуравдугаар сарын 4-нд ирсэн. Ирсэн даруй өвчтөн дээрээ орж ирээд 12 хонож байна. Харин хот руу энэ сарын 24 эсвэл 25-нд буцна. Вакцин хийлгэсэн учраас долоон хоног тусгаарлагдаад дөрөвдүгээр сард л гэртээ орох байх даа.
-Өвчтөн эдгэрнэ гэдэг үнэхээр сайхан мэдрэмж. Нэг өвчтөн хүлээн аваад тухайн хүнээ хүндрэлгүй анагаах юмсан, энэ хүнийг хурдан дээрдүүлчих юмсан гэсэн хүсэлтэй байдаг-
Завхан аймагт ажиллах хугацаандаа хоёр хүнийг эдгээсэн сайхан мэдээ сонслоо. Ковид туссан өвчтний эдгэрэх явц хэр байгаа вэ?
Өвчтөн эдгэрнэ гэдэг үнэхээр сайхан мэдрэмж. Нэг өвчтөн хүлээн аваад тухайн хүнээ хүндрэлгүй анагаах юмсан, энэ хүнийг хурдан дээрдүүлчих юмсан гэсэн хүсэлтэй байдаг. Ковид-19 туссан хүний эдгэрэх явц тухайн хүн хүнээс хамаарна. Жишээлбэл суурь өвчтэй эсвэл дагалдах, хавсрах өвчин нь хүнд байвал Ковидоор маш хүнд өвдөнө. Чихрийн шижинтэй хүн ковидоор өвдөхөд маш хүнд байдаг учир нь уушгины хатгаа мөд зүгээр болохгүй байх гэх мэтчилэн. Харин суурь өвчингүй хүн хөнгөн тусдаг. Тухайн хүний физиологийн систем, биеийн онцлогоос л хамаарна зарим хууч өвчнийг барьж өвдөөд байна уу гэж бодож байна.
-Ажил дууслаа гэж бодоод л хувцсаа тайлаад тавихад гэнэт өвчтөн хүндрэх тохиолдол гарна. Ингээд л нөгөө хувцсаа дахиж өмсөөд өвчтнөө эргэхээр явна даа-
Хоёр жил гаруйн хугацаанд цар тахал үргэлжиллээ. Энэ үеэр та бүгдэд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
Тийм ээ. Цар тахал дэгдээд хэдийнээ хоёр жил боллоо. Энэ хугацаанд манай эмч нарын ихэнх нь 6-7 удаа тусгаарлалтад орж ээлжээр ажилласан. Тулгамдсан асуудал гэж юу байхав дээ. Гэхдээ өвчтөн рүүгээ орохдоо хамгаалалтын битүү хувцас өмсдөг юм. Тухайн хувцастай өдөржин, шөнөжин цурам хийлгүйгээр өвчтнөө эргэж тойрох тохиолдол их байдаг. Ажил дууслаа гэж бодоод л хувцсаа тайлаад тавихад гэнэт өвчтөн хүндрэх тохиолдол гарна. Ингээд л нөгөө хувцсаа дахиж өмсөөд өвчтнөө эргэхээр явна даа. Түүнээс гадна бид 28 хоног эмнэлгээс нэг алхам гарахгүйгээр ажилладаг. 14 хоног өвчтөн дээрээ ажиллаад харин үлдсэн 14 хоногт тусгаарлалтанд ордог. Энэ үеэр ганцхан цонхоо л онгойлгох боломж бидэнд байдаг юм шүү дээ. Энэ 14 хоногийн хугацаанд ингэж агаар дутмаг орчинд ажиллана гэдэг нь бидний эрүүл мэнд болон амьсгалын замын эрхтэнд нөлөөлдөг байж магадгүй гэж боддог. Заримдаа их ядарсан үед хөлийн булчингаар янгинаад л орно. Энэ нь их нааш цааш явсаных байдаг байлгүй. Ингэж л эмч бид нар чинь өөрсддөө хором ч цаг гаргах завгүйгээр эрүүл мэндээ үл хайхран хоёр жилийн хугацааг ардаа үдэж байна.
-ХӨСҮТ-д ажилладаг бүхий л эмч нар энэ үеэр дайчлагдан ажиллаж байгаа. Эмч, сувилагч, асрагч зэрэг дарга цэрэггүй л бүх хүчин чадлаараа зүтгэж байна-
Нэг ээлжинд хэдэн эмч ажилчид ажилладаг вэ, ачааллаа зөв хуваарилж чадаж байгаа болов уу?
Анх эмч бүр нэг багт хуваарлигдсан юм. Тухайн багийнхантайгаа хамт 28 хоног ХӨСҮТ-ээс гарахгүйгээр ажилладаг. Нэг багт эмч, сувилагч, асрагч, ариутгагч гэсэн бүрэлдэхүүнтэй дөрвөн хүн ажиллаж байна. ХӨСҮТ-д ажилладаг бүхий л эмч нар энэ үеэр дайчлагдан ажиллаж байгаа. Эмч, сувилагч, асрагч зэрэг дарга цэрэггүй л бүх хүчин чадлаараа зүтгэж байна. Харин байгууллагаас дархлаа дэмжих витамин, өвчний шинж тэмдгийн үед анагаах эм, хоол зэргийг сайн хангаж өгдөг тулдаа энэ хэцүү цаг үеийг давж гарч байна.
Гэр бүлийнх нь гишүүд ажил үүргийг тань хэрхэн хүлээж авч байгаа вэ?
Сүүлийн хоёр жилийн хугацаанд ингэж ажилласаар бид ч сурсан байна. Хүүхдүүд болон гэр бүлийнхэн маань ч дасан зохицож байна даа.
Та ХӨСҮТ-д хэр удаан ажиллаж байгаа вэ?
Би Халдварт өвчин судлалын үндэсний төвд 27 гаруй жил ажиллаж байна. Халдварт өвчний чиглэлээр ажил байсан маань энэ удаагийн цар тахлын үед их туршлага болж байна гэж бодож байна. Бид чинь ажлын туршлагаараа л өдий хүртэл явж байна даа. Халдварт өвчний эмч нар учраас л мэргэшиж байх шиг байна.
Халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Иймд та бүгдийн зүгээс анхааруулах зүйл бий юу?
Уг өвчин нь амьсгал болон агаар дуслаар халдварладаг. Тийм учраас иргэн бүр өөрсдөө хичээх хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэмээ мартаж болохгүй. Энэ бол энгийн ханиад биш тахал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс үүгээр өвдөхгүй байх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй юм шүү.