Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул 3-р сарын 17-н буюу өнөөдөр 06.00 цагаас 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжийг Засаг дарга Н.Баярмөнх гаргалаа.
Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад үйл ажиллагааг хориглох юм байна. Хязгаарлалт тогтоосон халдварын голомтын бүсэд оршин суугчдаас PCR шинжилгээ авах, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Баянзүрх дүүргийн онцгой комиссоос өчигдөр шөнийн 00.40 цагт мэдээлэл хийсэн.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "2021 оны 3-р сарын 16-ны 12.00 цагийн мэдээгээр Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавирусийн халдварын 63 тохиолдол батлагдлаа. Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавирусийн халдварын нийт 1241 тохиолдол бүртгэгдээд байна. Дүүргийн хэмжээнд хоёр цэгт иргэдэд PCR шинжилгээ хийж байна. Есөн цэгээр 21979 иргэнийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.
Халдварын тархалт эрчимжиж буйтай холбоотойгоор Нийслэлийн онцгой комисст өчигдөр ЭМЯ-наас хүсэлт ирсний дагуу 26-р хорооны нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дүүргийн Засаг даргын захирамж гарсан.
Баянзүрх дүүргийн 26-р хороо 11800 гаруй өрх, 31 мянган иргэнтэй. Үүнээс 18-аас дээш буюу шинжилгээнд хамрагдах насны 16 мянган иргэнтэй. Хөл хорионы хугацаанд эхний ээлжинд 50-65 насны 2500 гаруй иргэнээ дархлаажуулалтад бүрэн хамруулна. Мөн 3-р сарын 17-ны өглөөнөөс эхлэн 26-р хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах ажил эхлэх тул иргэд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хүндэтгэлтэй хандаж, хамтарч ажиллана гэж найдаж байна" хэмээн мэдээллээ.