Нэр бүхий шүүгчид өмгөөлөгч Н.Баасанцогтоос мөнгө авсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Тус асуудалд нэр холбогдсон 5 шүүгч, шүүхийн захиргааны 6 ажилтны асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн ажлын албаны тухай мэдээлэл хэвлэлээр сүүлийн үед их гарах болсон. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Төрийн албаны хуулиар төрийн тусгай албан хаагчид хамаарагддаг. Гэтэл ҮАБЗ-ийн ажлын албаны албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтэрч, буцахдаа их хэмжээний мөнгө оруулж ирсэн мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. ҮАБЗ үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу эсвэл аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй.
Хоёрдугаарт шүүгчидтэй дотно харилцаа үүсгэдэг Н.Баасанцогт гэдэг өмгөөлөгчтэй холбоотой асуудал. Шүүгч нар руу мөнгө шилжүүлдэг, хэрэг төлөвлөдөг, тэр хэргээ шүүхээр оруулж шийдвэрлүүлдэг зэрэг мэдээлэл цацагдаж байна. Ийм байхад шударга шүүхийн талаар яриад хэрэггүй. Хууль хяналтын байгууллага яагаад энэ асуудлыг хараа хяналтандаа авахгүй байна вэ. Шударга шүүхтэй болохын тулд Шүүхийн тухай хуулийг шинэчилсэн. Хонгилын шүүхийг нураахын тулд Шүүхийн тухай хуулийг шинэчилсэн. Захиалгатай, цаанаа эзэнтэй хонгилын шүүх амь бөхтэй оршиж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Н.Баасанцогт гэх өмгөөлөгчтэй холбоотой мэдээллүүд цацагдсаар байна. Хэрэг төлөвлөдөг, шүүгч прокуроруудыг нэг дор цуглуулж, тусгай найр наадам зохион байгуулдаг зэрэг. Энэ бол шүүгчийн ёс зүйд дүйцэхгүй асуудал. Хоёрдугаарт энэ хүмүүс хамтраад ямарваа нэгэн хэргийг төлөвлөөд гүйцэтгэдэг гэдэг нь харагдаж байна.
Ариг банктай холбоотой асуудал бас бий. Хүний өмчийг дээрэмддэг асуудал байна. Хувь хүн өөрийн өмчөө хууль хяналтын байгууллагад дээрэмдүүлнэ гэдэг өнөөдрийн ардчилсан нийгэмд байж болохгүй. Бид нар шүүхийн реформ хийх ёстой. Хонгилыг нураах гэж Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Гэтэл энэ хонгил нэг эзнээс нөгөө рүү шилжиж улам бүр бэхжихийг тэвчиж болохгүй. Олон нийтийн сүлжээгээр ийм ноцтой мэдээлэл цацагдаад байхад Цагдаагийн байгууллага, АТГ дуугарахгүй байна вэ. Хэрэг нээсэн үү гэдгийг олон нийтэд мэдээлэхгүй байна вэ. Энэ тал дээр бид анхаарч ажиллана.