УОК ОО, вакцинд хамрагдсан иргэдийн тоогоо тоймлолгүй тодорхой болгож, хамрагдах иргэдийн дарааллаа ил зарлаач
Коронавирусийн цар тахлын тархалтыг хумих хамгийн боломжит хувилбар одоогоор вакцин байгаа. Тэр ч утгаараа улс орнууд вакцинжуулалтын ажлыг идэвхжүүлсэн. Манай улсын хувьд ч Азийн улс орнуудыг тэргүүлэн вакцинжуулалтаа хоёрдугаар сарын 23-нд эхлүүлж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бахархалтайгаар танилцуулан вакцины эхний тунг ард иргэдээ уриалан хийлгүүлсэн.
Гэвч манай улсад хэзээ, хэн вакцинд хамрагдах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй, таавар мэт хэвээр үргэлжилсээр байна.
Олон нийтийн сүлжээгээр дарга нар нь " Ард иргэдээ вакцинжуулалтад уриалж байна” нэртэй баахан вакцин тариулж байгаагаа харуулсан. Түүнийг дагаад “Дарга нар л тариулдаг юм байна, тариулж байгаагаа түгээвэл дарга шиг гоё харагдах юм байна” гэж бодсон хэсэг “хурган дарга” нар бас тариулснаа гайхуулах болсон.
Хаана байна нөгөө эрэмбэлэн гаргасан вакцинжуулалтын хуваарь нь. Нийтэд ойлгомжтой байдлаар сар өдөртэй нь дэлгэхгүй харин тойм мэдээг байнга хүргэх болсон. Тэр бүү хэл вакцинд ямар ажил мэргэжилтэй хэдэн хүн хамрагдаж байгааг одоогоор тоо баримттай нь ил гаргасан мэдээлэл алга. Эмч, эмнэлгийн ажилчид, халдварын голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагч, цагдаа нарт тарьсан талаар мэдээлэл орж байгаа ч аль салбарын хэчнээн хүн хамрагдсан нь вэ УОК-ынхоон, тоогоо ил зарлаач.
Хоёрдугаар сарын 15-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаар мэдээлэл хийн "Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. 0-18 насны 1.2 сая орчим, 18-аас дээш насны хоёр сая хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насны, дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учраас нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн” талаар мэдээлсэн.
Энэхүү мэдээллийн дараа цахим сүлжээнд вакцинжуулалтын талаарх дараалал ил болж байлаа.
Гуравдугаар сарын 5-нд Шадар сайд С.Амарсайхан хийсэн мэдээлэлдээ “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн. Засгийн газар, УОК-оос вакцинжуулалтыг 2 үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг гурав, дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна.
Орон нутгийн иргэдээ тав, зургаадугаар сард багтаан вакцинжуулахаар төлөвлөсөн.
Долоодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулах ажил дуусна” хэмээн мэдэгдсэн.
Гуравдугаар сарын сарын 15-наас:
- Худалдааны салбар,
- Нийтийн тээвэр,
- Такси үйлчилгээ
- Багш ажилчдыг вакцинд хамруулна
Гэтэл өнөөдөр худалдааны салбар, нийтийн тээвэр, такси үйлчилгээ болон багш нарын хэдэн хувь нь вакцинжуулалтад хамрагдсан мэдээлэл тодорхойгүй хэвээр л байна.
Хачирхалтай нь коронавирусийн эрсдэл өндөртэй өндөр настнууд хагас сарын дараагаас л вакцинжуулалтад хамрагдаж эхлэв. Өнөөдрөөс 60-65 насныхан вакцинд хамрагдах бол энэ сарын сүүлээр өндөр настнууд хамрагдах аж.
Бусад улс орны жишээнээс харахад вакцин тарих дарааллаа эхэлж гарган түүндээ эмнэлгийн ажилчид, эрсдэлтэй бүлэг бүхий өндөр настнуудыг түлхүү хамруулсан байдаг.
Гэтэл манайд хөгшчүүлийнхээ өмнүүр дарга нь нь, үйлчилгээний салбар, спортынхон хүртэл хийлгэж байгаа.
Австралид вакцинжуулалтад хөгшин хүний дүрд тоглон дараалал дайран хамрагдах гэсэн бизнесмен эхнэр, нөхөрт хариуцлага тооцохоор болсон тухай мэдээлэл гарч байсан. Харин манайд бол хэн хэзээ хаана хийлгэж байгаа нь тодорхой бус байгаа болохоор хурган дарга нар вакцин хийлгэснээ сайрхана.
Өнөөдрийг хүртэлх 20 хоногийн хугацаанд нийт 126,449 хүнийг вакцинд хамруулжээ. Эдгээр нь ямар хүмүүс, хэдэн настай, яагаад вакцинд хамрагдсан талаарх мэдээлэл нь алга.
ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээлэл тойм төдий хэдэн тоо уншдаг болоод удаж байна. Дархлаажуулалтын явцыг бас л тойм тоогоор хүргэж байгаа. Өдөрт халдвар авсан хүний тооноос илүү хэдэн хүн хаанаас халдвар авсан, тэрхүү голомтын цар хүрээг мэдээлэхгүй болоод удаж байгаа. Ийм байхад дархлаажуулалтын дарааллыг тэднээс хүлээгээд ч хэрэггүй.
Хэн, хэзээ, хаана вакцин хийлгэх ээ яаж мэдэх вэ?
Засгийн газар, УОК, НОК-ынхон, вакцинжуулалтад харагдсан болоод хамрагдах иргэдийн мэдээллийг ил болгооч ээ.