Өнгөрсөн амралтын өдрүүдэд вакцинжуулалтын багт ажиллаж байсан эмч, сувилагч нарт нэг удаагийн аягаар хоол өгсөн гэх мэдээлэл явсан. Тэгвэл тухайн мэдээллийг нийтэлсэн эмчийг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Р.Мөнгөнөөс тодрууллаа. Тэрбээр "Тухайн эмчийг ажлаас нь чөлөөлсөн гэдэг ташаа мэдээлэл. Вакцинжуулалт болон шинжилгээний багт Өрхийн эрүүл мэндийн төв, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмч, сувилагч томилон ажиллаж байгаа. Тиймээс бид тогтмол хугацаанд эмч, сувилагчдын багийг сольдог. Дээрх мэдээллийг нийтэлсэн эмч одоо вакцинжуулалтын багт бус үндсэн ажилдаа орсон" гэлээ.
Түүнчлэн тухайн мэдээллийн дагуу холбогдох албан тушаалтнууд дараах арга хэмжээг авчээ. Энэ талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өчигдөр ЭМ-ийн сайд уг асуудалтай холбоотойгоор вакцинжуулалтын цэгээр явж ажилласан. Эмч нарт өгч буй хоолны асуудал нь БЗД-т байрлаж буй хоёр цэгт хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд С.Энхболд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид даалгасан.
Дээрх асуудал бол цэвэр зохион байгуулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч нарын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онцгой комисс, ЭМ-ийн төв нь хариуцаж байгаа бөгөөд сайн хэрэгжүүлж буй дүүргүүд олон бий" гэсэн мэдээллийг өнөөдөр өгсөн юм.