Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Нэр дэвшигчид С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Тус намын даргын сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо дөрвийг нь нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөнө.
Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, уриаг танилцуулъя.
Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
АН ХЯМРАЛТАЙ, ДАЙН ДАЖИНД НЭРВЭГДСЭН УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛЖЭЭ
Өнөөдөр АН-ын даргын сунгааны сурталчилгаа эхэлж байна. Миний хувьд АН-ын даргын сунгаанд "Цуг шинэчилье" уриаг баримталж байна. Шинэчлэлт гэдэг нь өөрөө зөвхөн АН-ын асуудал бус Монгол Улсын шинэчлэлийн асуудал мөн хамт яригдаж байна. АН-д бол бүрэн шинэчлэл хэрэгтэй гэж би боддог. Та бүгд АН-ын хагаралын талаар тогтмол асуудаг. Тэгвэл АН гадагшаа тэмцдэггүй, бодлого чиглэлээ ярилцдаггүй хямралтай, дайн дажинд нэрвэгдсэн улс төрийн хүчин болжээ. Тийм учраас гадагшаа тэмцдэг, гадагшаа дайсантай болсон цагт энэ хагарал ажил хэрэгт нягтарч цааш явна.
Нэр дэвшигч, Ардчилсан залуусын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд:
АН НЭГ ДАРГЫН КОМАНДААР БИШ ХАМТЫН УДИРДЛАГАТАЙ ХӨГЖДӨГ НАМ БОЛНО
Монголд сөрөг хүчин хэрэгтэй байна. Миний сонгуулийн уриа нь "2024 онд АН-ыг ялалт байгуулна" гэх уриаг баримтлаж байна. Нэгдүгээрт, намын дотоод эв нэгдлийг хангахын төлөө бүх хүчин чармайлтыг гаргана. Бид бодлогын сөрөг хүчин байх ёстой. Хоёрдугаарт, дарааллан ялалт байгуулсан МАН-ын бодлогын асуудлыг гаргаж тавьдаг сөрж, шүүмжлэхийн тулд биш харин ажил хэргийг урагшлуулах, ард түмний язгуур ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд АН хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Гуравдугаарт, бодлогын сөрөг хүчнээс ялагч нам байх. Энэ зорилгын хүрээнд бид 21 аймаг 9 дүүрэгт байгаа гишүүд дэмжигчдийнхээ оролцоог сайжруулна. АН нэг даргын командад биш хамтын удирдлагатай хөгждөг нам болно. Монголын ард түмэн бол ардчилалд хайртай. АН монголын ард түмний итгэдэг институт болохын тулд энэ удаагийн намын даргын сунгаа түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
Нэр дэвшигч, МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин:
АРДЧИЛАЛЫН ТАВАН ЗАРЧИМ ЯЛЖ ЧАДВАЛ МОНГОЛ УЛС ЯЛЖ ЧАДНА
АН-ын даргын сунгаанд "Ардчилалын таван ялалт" зорилтыг дэвшүүлж байгаа. Бидний судалгаагаар АН-ын эв нэгдэл хамгийн сөрөг асуудлыг дагуулж байна. Сунгаанд өрсөлдөж байгаа бид дөрөв өрсөлдөгч биш юм. Бидний өрсөлдөөн бол эв нэгдэл хагарал бутрал билээ. Үүнийг бид ялах ёстой гэж үзэж байна.
Сүүлийн үед Монгол Улсын хөгжлийн үзэл санаа гэж зүйл орхигдсон. Үүний төгсгөлийг хийх ёстой. Энэ үзэл санааны хувьсгалыг хийх ёстой. Улс төрийн хүчний гол зорилго бол УИХ-ын сонгууль байдаг. Үүнд бид ялалт байгуулах ёстой. Эцэст нь Ардчилалын таван зарчим ялж чадах юм бол Монгол Улс ялж чадна гэж үзэж байна. Хамтдаа Монголын Ардчилалын төлөө тэмцэе
Нэр дэвшигч, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа:
ХООРОНДОО ТАЛЦДАГ, МУУДАЛЦДАГ НЬ МАН-Д БОЛГОМЖ ОЛГОЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ
С.Зориг агсны хөшөөн дээрээс сурталчилгаа эхэллээ. Миний хувьд "Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье" гэсэн уриатайгаар сунгаанд оролцож байна .Үндсэндээ богино, дунд, урт хугацааны бодлого гэж ажлаа эрэмбэлсэн. Богино хугацаанд өнөөдрийн үүссэн талцалыг нэн яаралтай шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Ялангуяа намын дарга төвтэй намаас намын гишүүд төв рүү шилжих ёстой гэж харж байгаа.
Урьд нь С.Эрдэнэ намаас хөөх шийдвэр гаргадаг, намд хүн авах шийдвэр гаргадаг байлаа. Бүх зүйл зөвхөн намын даргаар дамждаг байсан бол одоо намын гишүүд болон хамтын шийдвэрийн байгууллага байх ёстой. Богино хугацаанд хийх маш их асуудал байна үүний нэг намын гишүүдийн асуудал юм. Намын гишүүд хоорондоо талцдаг муудалцдаг нь МАН-д боломж олгож байгаагийн илрэл. Монгол Улсын үндсэн хуульд зааснаар хүнлэг хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж тунхагласан байдаг боловч цар тахлын энэ жил гаруйн хугацаанд иргэдийн эрх ашгийг өмгөөлж хамгаалсан улс төрийн хүчин алга байна.