Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.
"Дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажилласан бөгөөд амралтын өдрүүдээр 28249 хүнийг вакцинд хамрууллаа. Ингэснээр нийт Монгол Улсын вакцинд хамрагдах ёстой иргэдийн 118294 хүнд "ковид-19" эсрэг вакцины эхний тунг хийжээ. Мөн өнөөдрөөс 60-65 насны ахмад настнууд вакцинд хамрагдаж эхлэх ба дүүргийн эрүүл мэндийн төв дээр ажиллаж буй дархлаажуулалтын цэг дээр очиж хийлгэх юм" гэлээ.
Түүнчлэн ахмад настнуудад вакцины сонголт бий юу гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
"Монгол Улсад одоо хэрэглэгдэж байгаа хүний эмийн зөвлөлөөр яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл бүхий вакцинууд хийгдэж байгаа. Тэгвэл иргэд энэ вакцинаас хийлгэх боломжтой. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм вакциныг хэрэглэж байгаа. Энэхүү вакциныг хүний эмийн зөвлөлөөр хэлэлцэж, Монгол Улсад хэрэглэж байгаа гэдгийг дахин сануулъя" гэлээ.