Өнөө цагт гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй гоо сайхны бүтээгдэхүүн ихээр худалдаалагдах болсноор арьсны эмгэг үүсэх гол шалтгаан болоод байгаа. Бид энэ удаад охид бүсгүйчүүдээс гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрхэн сонгон хэрэглэж байгаа талаар тодрууллаа.
Иргэн “Хамгийн гол асуудал нь харшил. Би өөрөө их харшилтай. Хүний арьс маш эмзэг нөгөөтээгүүр их үнэ цэнэтэй зүйл. Хүмүүсээ арьсаа асуудалгүй болгохын тулд өндөр үнэ зардаг. Гэтэл харшлаас үүдэлтэй арьс их гэмтдэг. Миний хувьд тийм асуудал байсан учраас болгоомжтой ханддаг”
“Ер нь арьс нь дээр тууралт гарахаас эхлээд асуудал их байна. Баталгаатай газраас л авахыг хичээдэг”
“Харшил өгөхөөс гадна их сөрөг нөлөөтэй. Баталгаатай хэрэглэгч олонтой бүтээгдэхүүн авч хэрэглэдэг. Хадгалах хугацаагүй бүтээгдэхүүн авдаггүй, хадгалах хугацаатай бүтээгдэхүүн авдаг. Задлаад хэдэн сар хэрэглэх ёстой тэр хугацаанд нь хэрэглэдэг. Тэр хугацаа нь дуусаад бүтээгдэхүүн үлдэх юм бол тэр чигээр нь хаядаг"
“Мэдээж гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүний хадгалалтын горим, орц найрлага бүх юмыг нь мэдэх боломжгүй гэсэн үг. Тэрийг хэрэглэж байгаа хүмүүст их эрсдэл үүснэ гэж бодож байна”
“Гадуур хулхи гоо сайхны бараа их байгаа. Сөрөг нөлөө их гэж бодож байна. Сайн брэндийн бүтээгдэхүүн авдаг”
“Ер нь гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналт маш сайн шалгах хэрэгтэй. Гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн яагаад оруулж ирээд байгаа юм бэ гэдэг дээр хяналт хэрэгтэй. Мэргэжлийн хяналт түүн дээр нь хяналт тавих ёстой. Гарал үүсэл нь тодорхойгүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн илт мэдэгдэнэ. Хугацаа нь дөхсөн бүтээгдэхүүн ч авахыг хүсдэггүй”
Гоо сайхны худалдаа эрхлэгчтэй цөөн хором ярилцлаа.
-Эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүүтэй анхаардаг вэ?
-Охид бүсгүйчүүд нүүрнийхээ арьс арчилгаанд их анхаардаг юм байна. Тэгээд эгчээ би ийм арьстай тохирсон бүтээгдэхүүн байна уу? гэж их асуудаг.Одоо хавар дулааны улирал болж байгаа учраас нарны тос, гарын тос их асууж байна. Хадгалах хугацаагаа харна мөн миний зөвлөгөөг их анхаардаг. Ихэнхдээ юу авахаа сайн мэддэггүй юм. Би зөвлөөд сонголтоо хийдэг”
-Та охид бүсгүйчүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгөөч
-Аль болох харшил өгөхгүй бүтээгдэхүүн санал болгодог, миний бараа ч тийм. Анхнаасаа харшил өгөх муу бүтээгдэхүүн хэрэглэвэл мөнхийн харшилтай болно”
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч:
“Гоо сайхны бүтээгдэхүүнд зөвшөөрөл гэж олгогддоггүй. Гоо сайхны бараанд тусгай зөвшөөрөл авч оруулахгүй, шууд иргэн аж ахуй нэгжид оруулах зөвшөөрөл нээлттэй байгаа” гэлээ.
Гоо сайхны бүтээгдэхүүний хяналт шалгалтын талаар мэргэжлийн хяналтаас тодруулах гэсэн боловч ямар ч хяналт шалгалт байдаггүй гэсэн хариу бидэнд өглөө.