Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир "Цасан болон шороон шуурганы улмаас нийт 9 аймгаас 548 иргэн сураггүй алга болсон тухай дуудлага мэдээллийг авсан. Үүнээс 467 иргэнийг эсэн мэнд олсон бол өглөөний 09:00 цагийн байдлаар 81 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх аймгуудаас хамгийн их дуудлага бүртгэгдсэн Дундговь аймаг. Дундговь аймагт нийтдээ 455 иргэн сураггүй болсноос 387 иргэнийг эсэн мэнд олсон. Харин 68 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна" гэлээ.
Мөн цасан болон шороон шуурганы улмаас ОХУ-аас баруун аймгуудын цахилгаан эрчим хүч нийлүүлдэг агаарын шугам, тулгуур багана нурсан. Ингэснээр Баян-Өлгийн, Завхан, Ховд аймгуудад цахилгаан тасарсан байсныг түр холболт хийж дээрх гурван аймгийг цахилгаанаар ханган ажиллаж байгаа аж.