2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөхийн өмнө УИХ-ын гишүүний үнэмлэхээ авч чадалгүй хоригдсон. Тэрээр есөн сар хоригдоод саяхан Дээд шүүхийн шийдвэрээр суллагдсан.
Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчийн сурталчилгааны мандатаа авчихсан, кампанит ажилдаа оролцож байхад нь баривчилсан. Мөн дахин УИХ-ын гишүүнээр Сэлэнгэ аймгаас сонгогдоод байхад нь ялласныг Олон улсын парламентын холбоо “Хүний эрхэд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан удаатай.
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийхтэй зэрэгцэн Ж.Эрдэнэбат тангараг өргөнө гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Ямартай ч Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны зургадугаар сарын 25-нд сонгогдсон нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол батлахдаа Ж.Эрдэнэбатын тогтоолыг ч хамтад нь баталж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Тиймээс, Ж.Эрдэнэбат тангараг өргөхөд Сонгуулийн ерөнхий хороо оролцох шаардлагагүй, аль хэдийнэ тогтоолоо баталж, өргөн мэдүүлсэн юм.