УИХ-ын 2021 оны хаврын чуулган өнөөдөр нээгдэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын чуулганыг 75-аас доошгүй хоног хуралдуулдаг болсон учраас жил бүрийн дөрөвдүгээр сард нээлтээ хийдэг хаврын чуулганыг энэ жилээс гуравдугаар сард нээдэг болж байна. Хаврын чуулганаар 50 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөж буй. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай болон Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслүүд багтаж буй нь анхаарал татаж байгаа юм. Өнөөдөр 10 цагт хаврын чуулганыг нээлтийн хуралдааныг хийж залгуулаад УИХ дахь намын бүлгүүд хуралдана.