Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас малд яваад сураггүй болсон малчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Дундговь аймагт нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг хүлээн авчээ. Аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж, оройн 23.00 цагийн байдлаар 99 хүнийг олсон байна.
Нөхцөл байдлын талаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга М.Адъяабаатараас тодруулахад “Одоогийн байдлаар өнөөдөр 00.30 цагт хүчтэй цасан болон шороон шуурганд малд яваад сураггүй болсон гэх 380 дуудлага хүлээн авч, 199 хүнийг оллоо. Хүн сураггүй болсон гэх дуудлага нэмж ирсээр байна” гэв. Тус аймгийн зарим сумдад 40 м/секунд хүртэл хүчтэй салхилж, шуурчээ.
Харин Өмнөговь аймагт малдаа яваад сураггүй болсон 30 орчим хүнийг эрэн хайж байна. Тодруулбал, тус аймгийн Цогтцэций суманд 18 дуудлага долоон чиглэлээс ирсэн, 14 автомашинтай 39 хүн эрлийн багт гарч, хоёр дуудлагыг олж бусдыг эрэн хайж байгаа талаар мэдээлжээ.
Мөн Баян-Овоод долоон дуудлага хоёр багаас иржээ. Эрлийн багт дөрвөн автомашинтай 11 хүн гарсан бол Ханбогд дөрвөн чиглэлд дөрвөн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу 12 автомашинаар 40 хүн эрлийн багт ажиллан хоёр дуудлагыг олжээ. Мандал-Овоо, Сэврэй сумын гурван дуудлага олдсон байна. Цогт-Овоо 11 дуудлага ирснээс найм нь эсэн мэнд олджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр сургууль цэцэрлэгийн танхимын сургалтыг оруулахгүй байх шийдвэрийг гаргажээ.