Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш орон нутагт PCR шинжилгээний хариу нь гараагүй, хуурамч бичиг ашиглах, бусдын бичиг баримтаар хотоос гарах зөрчил цөөнгүй гарах болов. Тухайлбал, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор хуурамч PCR шинжилгээний бичиг ашиглаж, Өмнөговь аймаг руу зорчихыг завдсан иргэнийг албан хаагчид саатуулжээ. Уг зөрчил гаргасан иргэнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж буй бөгөөд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох юм байна.
Цаашид хуурамч бичиг баримтаар хотоос гарахаар зөрчил гаргасан иргэдэд хатуу хариуцлага тооцохыг Шадар сайд С.Амарсайхан сануулав. Тэрбээр өнөөдөр Төв аймгийн Шуурхай штабт ажиллахаар явах замдаа Өлзийтийн шалган нэвтрүүлэх постоор орж, албан хаагчидтай уулзсан юм. Шалган нэвтрүүлэх постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид зарим иргэн хуурамч шинжилгээний бичиг ашиглаж, хотоос гарахаар завдсан зөрчил гарсан талаар мэдээлжээ.