Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа “Сүүлийн 24 цагт 17894 шинжилгээ хийгдсэнээс коронавирусийн 128 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан хүмүүсээс Улаанбаатарт 127 хүн нэмэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 3085 болж байна. Шинээр халдвар авсан 128 хүнээс 122 нь ойрын хавьтал бөгөөд 112 хүнд нэг дэх шинжилгээгээр 10 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. Таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна.
Түүнчлэн гуравдугаар сарын 4-нд Будапештын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрч зөөвөрлөгдсөн тохиолдол 423 боллоо.
Дотоодод халдвар авсан хүний тоо 3430 болж байна.
Завхан аймагт батлагдсан тохиолдол 4 байна. Ойрын хавьтлын бүх хүнийг тусгаарлалтад авч ажиглалтад байлгаж байна.
Төв аймгийн нийт батлагдсан тохиолдол 15 болсон.
Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3961 боллоо.
Сүүлийн 24 цагт 46 хүн эмчлэгдэж нийт эдгэрсэн хүний тоо 3001 болсон.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн II төв, Завхан, Төв аймагт нийт 943 хүн эмчлэгдэж байгаа. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, 6 хүн хүнд, хоёр хүн нэн хүнд байдалтай байна” гэж мэдээллээ.