УОК-ын өнөөдрийн мэдээллийн үеэр сургууль, цэцэрлэгийн танхимын хичээл ирэх дөрөвдүгээр сарын 1-нд орох эсэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад Шадар сайд С.Амарсайхан “Бид эрсдэлийн зэрэглэлийн 4 түвшинг тогтоохдоо аль болох хязгаарлаж хумихгүйгээр хэвийн ажил амьдралаа үргэлжлүүлэх, хэрвээ эрсдэл үүссэн тохиолдолд ямар арга хэмжээ авах уу гэдгээ тооцож хийсэн. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байхаар өмнө нь шийдсэн.
Одоо дөрөвдүгээр сард танхимын хичээлийг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Энэ хугацаанд хэт их эрсдэлтэй байгаа учраас аль болох хүүхэд багачуудын сурах орчинд үүсэх хэмжээнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа.
Одоогоор сургууль, цэцэрлэг хэзээ яаж эхлэхийг бид хэлэх боломжгүй. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар халдварын тоо эрс нэмэгдэж байна. Халдварын эрсдэл бууртал сая дурдсан үйл ажиллагаанаас бусад нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдана гэж ойлгож болно” гэж мэдээллээ.