2019 онд Засгийн газраас 138 дугаар тогтоолоор “Түрээслүүлээд өмчлүүлэх журам” баталж, түрээслэгч иргэдтэй өмчлөх гэрээ хийж эхэлсэн. Энэ нь урьдчилгаа төлбөргүй, зорилтот бүлгийн өрхөд өөрийн гэсэн орон сууцтай болох том боломж. Яг ингээд түрээслээд өмчлүүлэх хэлбэрээр иргэдийг орон сууцанд оруулах гэхээр шаардлагад нийцэх бэлэн байр хомс аж.
Тиймээс зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн, “Солонго -1”, “Солонго – 2” нэртэй орон сууцны хорооллыг БНСУ-ын “Экзим” банк 40 жилийн хугацаатай 500 сая ам,долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн X хорооны нутагт барихаар төсөл хэрэгжүүлэхээр болсон.
Ерөнхий төслийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, төсөл хэрэгжүүлэх байгууллага /PEA/, ТОСК-аас хэрэгжүүлэх Солонго 1 /2712 айл/, Солонго 2 /2290 айл/, Баянголын аманд /2007 айл/ хэрэгжих эл гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7007 айл түрээслэн өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох боломжтой. “Солонго-1” хороолол дээр 144.537.000 ам доллар, “Солонго-2” төсөл 122.348.000 ам доллар, Баянголын аман дахь орон сууцны төсөлд 114.669.000 ам.доллар, нийт 381.554.000 ам.доллар зарцуулагдах аж.
БНСУ-аас 40 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл авч, зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн энэ төсөл удаашралтай байна. Уг нь Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Наг Ён одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийхдээ 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн дотор Хан-Уул дүүрэгт “Солонго-1”, “Солонго-2”, Баянголын аманд сүндэрлэх орон сууцын хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцоод буцсан. Гэтэл өнөөдөр 5002 өрх айлыг түрээсийн орон сууцтай болгох “Солонго” хорооллын хэрэгжих төсөл хэрхэх нь тодорхойгүй НЭГ жилийг ардаа үлдлээ.
Ийнхүү орон сууцны хороолол барихад зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтыг холбогдох газруудаас зарласан аж. Үүнд БНСУ-ын “Dong il A&E”, “SAMOO Joint venture”, “Heerim & Soosung & Han-kuk JV” гэсэн аж ахуйн нэгжүүд өрсөлдөж, 15.112 сая ам.долларын үнийн саналыг Dong il A&E, Heerim& Soosung Hаn-Kuk JV нь 15,136 сая ам доллар, Samoo joint venture нь 15,849 сая ам долларын саналыг тус ажлыг хийж гүйцэтгэх санал гарган хамгийн өндөр үнэ өгсөн компанийг манай Барилга хот байгуулалтын яам хүлээн аваад буй. Тэгвэл тендерт оролцож буй Солонгосын “SAMOO Joint venture” компани нь хэд хэдэн зөрчилтэй байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Сангийн яамны “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийн Гэрээний ерөнхий нөхцөл бүлгийн 1.9 дэх хэсэгт “Захиалагчийг төлөөлөн худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагч болон тендерт оролцогч, гэрээ хэрэгжүүлэгч зөвлөх бүр худалдан авах ажиллагаанд оролцох, худалдан авах гэрээг хэрэгжүүлэхдээ ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахин биелүүлэх ёстой. Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагч болон зөвлөх нь Авлигын эсрэг, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай болон Эрүүгийн хуульд заасан авлига, залилан мэхлэх, зохиомол тохиролцоо хийх, айлган сүрдүүлэх үйлдлийн аль нэгэнд холбогдсон талаар бодитой мэдээлэл байгаа бол холбогдох албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад зохих ёсоор мэдэгдэнэ” гэж заасан байгаа. Мөн уг баримт бичгийн 2.6-1-т “Зөвлөх нь тендерт оролцох буюу гэрээг гүйцэтгэх явцдаа авлига, залилан мэхлэх үйлдэлд холбогдсон байж болох хангалттай үндэслэл захиалагчид байгаа тохиолдолд гэрээг цуцлана” хэмээн заасан байгаа юм. Түүнчлэн УИХ-ын 2018 оны хоёрдугаар сарын 1-нд соёрхон баталсан БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын болон БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус сангийн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журамд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг хасахаар заажээ. Тухайлбал, зөвлөх, түүний нэгдмэл сонирхолтой этгээдийг хэд хэдэн үндэслэлээр хасахаар заасны дотор авлига, хээл хахууль, залилан мэхлэх зэрэг үйлдэлтэй холбоотой нь тогтоогдвол гэрээг нь цуцлах үндэслэл болохоор тусгасан байна.
Mөн тус компани нь уг төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан нь БНСУ-ын Экзим банкны Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 3.1.1 а (д) заасан ашиг сонирхол болон бусдад илт давуу байдал олгосон заалтыг зөрчиж байгаа нь цагаан дээр хараар бичсэн атал манай Барилга хот байгуулалтын яам мэдэн будилж байна уу.
Хууль эрх зүйн ийм баримт бичгүүд байсаар атал манай Барилга хот байгуулалтын яамны түшмэд, эрх бүхий албан тушаалтнуудын оролцоотойгоор “SAMOO Joint venture” компанийг шалгаруулахаар болсон юм. Үүнийг манай холбогдох яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан судалсан л байлтай.
Тухайлбал,
https://www.yna.co.kr/view/AKR20170203071600051,
https://www.news1.kr/articles/?3029202,
https://www.donga.com/news/Society/article/all/20170307/83214782/1 гэх зэрэг хэд хэдэн цахим хуудсанд дээрх компанийн эрх бүхий албан тушаалтан нь хахуулийн хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн тухай мэдээлжээ.
Тухайн хэрэг нь Солонгос даяар нэлээд дуулиан шуугиан тарьсан, төрийн албан тушаалтан олон хүн холбогдсон юм байна. “SAMOO” компанийн захирал Сон нь БНСУ-ын парламентын гишүүн Бае Деок Кваны холбогдсон, хууль бусаар тендерт нөлөөлсөн хэргийн нэг гол холбогдогч гэдэг нь тогтоогдсон бол гүйцэтгэх захирал Жеон мөн адил үндэслэлээр нэг жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн юм байна. Мөн төрийн өндөр албан тушаалтан гурван хүнийг оролцуулаад төрийн 24 албан тушаалтан 2017 онд уг авлига, албан тушаалын хэрэгт баривчлагдаж зохих ял шийтгүүлж байжээ. Гэтэл БНСУ-ын хөрөнгөөр Монголд хэрэгжүүлэх төсөлд оролцож, тухайн тендерийг гарцаагүй өөрсдийн гартаа хийж авна хэмээж буй нь хачирхалтай. Манай холбогдох байгууллагынхан гадаадын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд түүнд оролцож буй гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг сайтар судлах шаардлагатай мэт.
Эх орондоо авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон дуулиан шуугиан тарьж байсан компанийг манай Сангийн болон Барилга, хот байгуулалтын яамныхан ямар шалгуураар сонгон шалгаруулах гэж буй нь яалт ч үгүй хардлага төрүүлж байгаа юм. Магадгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж, дахиад “хар”, “саарал” гэх жагсаалтад оруулан санхүүгийн хорих арга хэмжээ авахад хүргэх юм биш биз. Энэ бүхнийг холбогдох яам, агентлаг, хотын захиргааныхан, цаашлаад тагнуул, авлигатай тэмцэх байгууллагынхан анзаарч буй нь лавтай. Эцсийн эцэст энэ бүхэн буруугаар эргэвэл үүнээс үүсэх эрсдэлийг хэн үүрэх вэ, хэн хариуцлага хүлээх вэ.