УОК-ын Шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдаж, дараах зүйлсийг хэлэлцсэн байна.
Ковидын халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Улсын онцгой комиссын даргад уламжилжээ. Тус саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцэж дэмжсэнгүй.
Цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгасан байна.
БУЯНЫ АЖИЛД ОРОЛЦОЖ БАЙГАА ИРГЭДЭЭС ГОЛОМТОД ХАЛДВАРУУД НЭМЭГДЭЖ БАЙГАА
УОК-ын Шуурхай штабаас ковидын цар тахлын голомтыг илрүүлэх ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээ хийсэн талаар танилцууллаа.
Эрсдлийн үнэлгээгээр буяны ажилд оролцож байгаа иргэдээс голомтод халдварууд нэмэгдэж байгаа нь тогтоогдсон учраас оролцож буй хүний тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай байгааг хэлэв. Ковидын халдварыг хумих, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж дагахыг УОК-оос анхааруулав.