Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг удаан шалгагдаж байна гэх гомдол гарсантай холбогдуулан прокурорын байгууллагаас ажлын хэсэг байгуулж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар УЕП-ын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд "Гэмт хэрэг удаан шалгагдаж байгаа нь хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой гэсэн мэдээлэл гарч байна. Ерөнхий прокурор өнөөдөр тушаал гаргаж, ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, мөрдөн шалгах байгууллагуудад шалгагдаж байгаа хэргүүд, хууль хяналт байгууллагын ажилтан холбогдсон гомдол мэдээлэл хэргүүдийг хянаж, шуурхай шийдвэрлэнэ. Зөвхөн Улаанбаатар биш орон нутгийн прокурорын байгууллагуудад уг чиглэлийг өгч байгаа.
Гэмт хэргийн гомдол гаргагч, хяналт тавьж байгаа прокурор, мөрдөгч нартай уулзана. Хэрэг яагаад удаад байгаа, мөрдөн шалгах ажиллагааны хаана нь доголдол гарч байгааг шалгана.
Харин хэрэг шалгаж байгаа ажлын хэсгийн үйл ажиллагаанд оролцохгүй. Шүүгчийн ёс зүйн асуудалд хууль хяналтын байгууллага хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа бол бид тухайн хэрэг дээр ажиллана. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэх ажиллагаа явагдаж байгаа, мөрдөх байгууллагад хянагдаж байгаа хэргийг аль болох шуурхай шийдвэрлүүлэхэд чиглэж ажиллана" гэлээ.
Ажлын хэсэгт дээрх хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, танилцуулах, мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авахыг үүрэг болгожээ.
Дээрх хэргүүдтэй холбоотой гомдол, хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах алба болон 18001919 дугаарын утсаар хүлээн авах юм байна.