Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн салбар бүрийнхэнтэй хийж буй өглөөний уулзалтаа мэдээлэл технологийн салбараас эхэлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд болсон мэдээллийн технологийн салбарынхантай хийсэн тус уулзалтын мөрөөр олон улсын зах зээлд гарах боломжтой “And Global”, “Erxes”, “CallPro”, “World Plus”, “Shoppy” зэрэг компаниудын удирдлагуудыг Ерөнхий сайд дахин хүлээн авч уулзсан байна.
Тус компаниудын төлөөлөл мэдээлэл технологийн салбарын асар хурдацтай хөгжлийн энэ үед дотоодын компаниуд хэрхэн олон улсад гарч хөрөнгө оруулалт татах вэ гэдэгт анхаарлаа хандуулсаар байгааг онцолжээ. Мөн мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргах нөөц боломжийн талаар тэд гадаад, дотоодын хамтын ажиллагаа, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг сайжруулахад төрөөс ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Ерөнхий сайд мэдээлэл технологийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа компаниудын төлөөлөлд аль болох өгөөжтэй байдлаас нь харж, дэмжин ажиллана гэдгээ хэлжээ. Мөн энэ чиглэлийн тусгай санг байгуулах хэлбэрээр зохицуулалтууд хийнэ гэсэн байна.