Дани, Итали зэрэг орнууд Их Британийн Оксфордын их сургуулийн АстраЗенека вакциныг аюулгүй байдлын үүднээс тодорхойгүй хугацаагаар зогсоосон талаар өнөөдөр ВВС агентлаг мэдээлсэн. Тус вакцины талаар Дани Улсын Эрүүл мэндийн сайд Магнус Хенике “АстраЗенека вакцин нь үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогдсон” хэмээсэн юм. Уг мэдээллийн дагуу Эстони, Латви, Люксембург, зэрэг улсуудад АстраЗенека вакцины хэрэглээг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж.
Тэгвэл манай улс АстраЗенека вакцины хэрэглээг зогсоосон талаар цахим орчинд мэдээлэл тархсан. Энэ талаар бид ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас утсаар тодруулахад “Одоогийн байдлаар АстраЗенека вакцинаар 60 мянга гаруй хүнийг вакцинжуулаад байна. Вакцинжуулалт хэвийн явагдаж байгаа. Монголд АстраЗенека вакцины хэрэглээг түр хугацаанд зогсоосон гэдэг нь худал мэдээлэл. АстраЗенека вакцин аюулгүй учраас хэвийн үргэлжлүүлж байгаа гэж ойлгож болно. ЭМЯ болон ХӨСҮТ-ийн эрдэмтэд ч вакцины мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Вакцинжуулалтын дараа илэрдэг хэвийн урвалууд иргэдийн 50 орчим хувьд нь илэрч байгаа” гэх тайлбарыг өглөө.
Мөн "Астразенка вакциныг Европын 8 улс түр хойшлуулсан мэдээлэл байна. Ийм мэдээллийг судалж байна" гэж өнөөдөр ЭМЯ-ны 11 цагийн хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдэгдлээ. Тэрээр "Монгол улс хэрхэх тухай нэг ч үг хэлээгүй шүү. Гэтэл зарим хэвлэл Монголд хийхгүй болсон мэт ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл явуулж буй учир та бүхэн тэр мэдээллээ залруулахыг хүсье. Монгол улсын хувьд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа болно" хэмээн мэдэгдлээ.