Cонгинохайрхан дүүргийн зургаан хорооны нутаг дэвсгэрийн есөн цэгт халиа, дошин хайлж, айл өрх, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автжээ. Тиймээс дүүргийн засаг дарга Н.Алтаншагай өчигдөр (2021.03.11) нөхцөл байдал хүндэрсэн 26 дугаар хороонд очиж ажиллав.
Дүүргийн хэмжээнд жил бүр үүсдэг энэхүү асуудлыг иргэдэд хүндрэл учруулалгүйгээр шийдвэрлэхээр Засаг даргын орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагайд нөхцөл байдал хүндэрсэн хороодын иргэд тулгамдаж буй асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг уламжилж, санал хүсэлтээ хэлж байв. Тиймээс дүүргийн Засаг дарга хашаа нь усанд автаж, гэр рүүгээ орох боломжгүй болсон иргэдийн гэрийг яаралтай буулгаж, эд материалыг нь уснаас чөлөөлж тэдгээр асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүргийг ажлын хэсгийнхэнд үүрэг өглөө. Тус ажлын хэсэг иргэдийн гомдол, саналыг шуурхай хүлээн авч, гэр хашаа нь усанд автсан айл өрхүүдийн асуудлыг шийдвэрлэхээр газар дээр нь ажиллаж байлаа.
Халиа дошин буюу булгийн эхээс ус гарах нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай юм. Тиймээс ажлын хэсэг усанд автсан айлуудын хашаа, гудамжны усыг соруулан, экскаватороор гудамжинд үүссэн мөсийг зөөвөрлөж, даланг сэтэлж айлуудын хашаа руу оруулахгүйгээр урсгах арга хэмжээг авч байв.
Одоогийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт 25, 26, 40, 42, 9 дугаар хороог дагасан сав газар, гуу жалгын дагуу өвөл хуримтлагдсан мөс хайлж, урссан байдалтай байна. Халиа, дошин үүссэн хороодын нөхцөл байдлыг хянаж байсан ажлын хэсгийн гаргасан судалгаагаар сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 156 өрх том хэмжээгээр дамнасан булгийн ус болон үер, шар усанд автахуйц бүсэд буужээ.
Эдгээр айл өрхүүдийг тухайн бүс нутгаас нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, газар зохион байгуулалтын дахин төлөвлөгөөг зохион байгуулах ажил үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн айл өрхүүдэд байгалийн хүчин зүйлээс болж үүсэх эрсдэлийг тооцоолох, аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулгыг албаныхан иргэдэд тогтмол өгч ажиллаж байгаа гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.
Энэхүү үүргийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 47 албан хаагч, 10 автомашинтайгаар усанд автсан айл өрхийн гэрийг буулгаж, нүүлгэх ажлыг зохион байгууллаа.