Монгол Улсын Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн "Ажлын байрыг дэмжих зээл"-н олголт гуравдугаар сарын 10-аас эхэлжээ. Тодруулбал "Төрийн банк" зээлийн хүсэлт ирүүлсэн хоёр аж ахуй нэгжийн хүсэлтийг хамгийн түрүүнд шийдвэрлэжээ.
"Төрийн банк"-ний хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжүүдээрээ болон цахимаар хоёрдугаар сарын 23-аас авч эхэлсэн бөгөөд 1606 зээлдэгчийн 337.6 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн гэж "Төрийн банк"-ний БГД дэх салбарын захирал П.Бямбацэрэн хэлсэн.
Иймд Баянгол дүүрэгт байрлах “Төрийн банк”-ний салбараас аж ахуй нэгжийг дэмжих зээл авсан “Эко мүүн” ХХК-ийн захирал Д.Гантөмөртэй ярилцлаа.
"Манайх 2012 оноос эхлэн ор хөнжлийн даавуу, гудас үйлдвэрлэж байгаа. Одоогоор долоон ажилчинтай.
Засгийн газраас “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй үед ЖДҮ-ээ дэмжиж, нэн хөнгөлөлттэй зээл олгож байгаад баяртай байна. Энэ нь бидний хувьд маш их дэмжлэг боллоо.
Хөл хорионы үед хоёр сар гаруй компани зогсонги байдалтай байсан. Эргэлтийн хөрөнгө дутагдалтай болж, борлуулалт байхгүйгээс үүдэн ажилчиддаа цалин өгч чадахгүйд хүрч байсан. Энэ зээлийг авснаар 15 ажлын байр нэмэгдэх боломжтой болж байна. Сардаа 1.6 хувийн хүүтэй зээл авч байсан, энэ удаад жилийн 3 хувийн хүүтэй зээл авч байгаа. Эхний нэг жилдээ үндсэн зээлээсээ төлөхгүй зөвхөн хүүгээ л төлөх нөхцөлтэй авч байна"
ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ ӨДӨР ИРЭХ ТУСАМ НЭМЭГДЭЖ БАЙНА
“Төрийн банк”-ний БГД дэх Салбар нэгжийн захирал П.Бямбацэрэн:
Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжсэнтэй холбоотой “Төрийн банк”-аас ЖДҮ, үйлчилгээ эрхлэгч, Аж ахуй нэгж мөн иргэдийн хүсэлтийг онлайнаар авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар “Төрийн банк” хүлээн авсан хүсэлтийн дагуу холбогдох зээлийн судалгаа шинжилгээг хийж, олголт хийж эхэлсэн. Зээлийн хүсэлт өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Бид холбогдох журам зааврын дагуу ЖДҮ эрхлэгч, Аж ахуй нэгж, иргэдээс хуулийн дагуу холбогдох материал авч байна. Манайх онлайн болон биечлэн байдлаар хүсэлт хүлээн авч байгаа. Иргэний хүсэлтийг ажлын тав хоногийн дотор шийдвэрлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар манай нэгж дээр 36 харилцагч зээлийн материалаа ирүүлсэн байна. Мөн хоёр харилцагч зээлээ авсан байна.
АЖЛЫН ТАВ ХОНОГИЙН ДОТОР ЗЭЭЛИЙГ ТҮРГЭН ШУУРХАЙ
ШИЙДЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
“Төрийн Банк”-ний Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Маркетингийн газрын дарга Б.Содонбаатар:
-Хэчнээн Аж ахуй нэгж болон иргэдээс 10 их наяд төлөвлөгөөний хүрээнд зээл авах хүсэлт ирүүлсэн бэ?
“Төрийн банк”-нд хоёрдугаар сарын 23-наас эхлэн зээлийн хүсэлт авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1606 зээлдэгчийн 337.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн байна. Хоёр өдрийн өмнөөс зээл судлаад эхэлсэн ба загвар нь батлагдсан. Мөн аймаг, орон нутгуудаас маш их хүсэлт ирж байна. “Төрийн банк”-ний хувьд маш шуурхай ажиллаж байгаа. Өнөөдрөөс эхлээд зээлүүд түргэн шуурхай гарах байх гэж бодож байна.
-Зээлд тавигдах шаардлага Аж ахуй нэгжүүд ямар нөхцөл хангах ёстой вэ?
Тавигдах шаардлагын хувьд бараг бүх банк ижил байгаа байх гэж ойлгож байгаа. Тухайн бизнесээ 12 сар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч эсвэл яаралтай төлөгчөөр бүртгүүлэх гэсэн ерөнхий шаардлагууд байгаа. Бусад банкнууд ч мөн адил тусгай онцгой шаардлага тавихгүй байгаа байх. Манай банк онцгой шаардлага тавиагүй. Ажлын таван хоногийн дотор зээлийг түргэн шуурхай шийдэхээр ажиллаж байна. Тухайн зээлдэгчийн материалын бүрдэлт хангалттай бүрэн тохиолдолд саадгүй, түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой ажиллаж байна.
-“Төрийн банк”-аас зээлээ олгоод эхэлсэн байна. Ямар Аж ахуй нэгжүүдэд олгосон байна вэ?
Хамгийн эхэнд Дундговь аймгийн ЖДҮ эрхлэгч зээлээ шийдвэрлүүлсэн. Түүнчлэн “Эко мүүн” буюу ор хөнжлийн даавуу, хувцас үйлдвэрлэгч компани зээлээ авсан байгаа.