Боловсрол, Шинжлэх Ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Жорж Мейсоны их сургууль нь АНУ-ын Вержиниа мужид байрладаг судалгааны их сургууль юм. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль 1949 онд байгуулагдсан. АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай. Өнөөдөр байгуулсан гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байна. Гэрээнд 90 хүртэлх кредитийг сургууль хооронд шилжүүлэхээр тусгалаа.
Жорж Мейсоны сургууль гадаад оюутнаас нэг жилд 26 мянган ам. долларын төлбөр авдаг. Тэгвэл өнөөдөр байгуулсан гэрээний хүрээнд зөвхөн Монгол оюутнуудад таван мянган долларын тэтгэлэг олгохоор болж байна. Дээр нь тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12 мянга хүртэлх долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Энэ жишгээр дараагийн гэрээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам Канзасын их сургуультай байгуулахаар ажиллаж байна.