ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барихаар болоод байгаа билээ.
Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй хийх албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Төлөвлөгөөний хүрээнд:
Хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо.
Төлөвлөгөө батлагдсанаар талуудын үүрэг, чиглэл тодорхой болж, Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарах боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой учраас Байгалийн хийн хоолойн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, идэвх санаачилгатай ажиллахаа Шадар сайд илэрхийллээ.
Уулзалтыг халдвар хамгааллын чанд дэглэмийн дагуу Улаан, Ногоон бүсэд тусгай горимоор зохион байгуулсан юм гэж Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ.