Улаанбаатараас хүндэтгэн үзэх бус шалтгаанаар зорчиж буй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг аймгууд ар араасаа гаргаад байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс тодорхой журмын хүрээнд хязгаарлах болсон талаар Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас мэдээлжээ.
Түүнчлэн Хэнтий аймаг маргаашнаас буюу гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн.
Тиймээс одоогоор Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг нийт зургаан аймаг Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Баянхонгор аймгийн хувьд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар хотоос зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буян ном, хойшлуулшгүй ажлын шаардлагаар тус аймагт ирэх иргэдийг хүн тус бүрийн PCR шинжилгээний хариу, хүчинтэй хугацааг үндэслэж нэвтрүүлнэ.
Хөвсгөл аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх болон Улаанбаатар хот руу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоов.
Сэлэнгэ аймгийн хувьд Улаанбаатар хот болон халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ.
Сүхбаатар аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх болон Улаанбаатар хот руу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоогоод байна.
Дээрх аймгууд нийслэлд бүртгэгдэж байгаа халдварын тоо ихсэн, голомтуудын тархалт өргөжсөнтэй холбоотойгоор ийнхүү коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар Төв аймагт нэг, Улаанбаатар хотод 79 тохиолдол шинээр бүртгэгдээд байгаа юм.