Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар болсон. Энэ талаарх ноот бичигт өчигдөр талууд гарын үсэг зурсан юм. Гадаад харилцааны яамны ажилтнаас тодруулахад "Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “covid-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд гарын үсэг зурсан. Covid-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь хоёр үе шаттай хэрэгжинэ.
Эхний ээлжид 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм. Одоогоор хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн бэлтгэл ажлыг аль тал нь хариуцахыг ярилцаж байна.
Одоогоор АстраЗенека болон Файзер, Модерна гэсэн гурван төрлийн вакцинаас оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа хангаад зургадугаар сард вакциныг оруулж ирж, дээрх вакцинаар иргэдэд үйлчлэх урьдчилсан тооцоолол байна" гэх мэдээллийг өглөө.