Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс тодорхой журмын хүрээнд хязгаарлах болсон талаар Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас мэдээлжээ.
Түүнчлэн Хэнтий аймаг маргаашнаас буюу гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Хэнтий аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өчигдөр хуралдаж, Улсын онцгой комиссын №07 дугаар хурлын тэмдэглэл, аймгийн нутаг дэвсгэрт хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад ажлаар цар тахлын эрсдэлтэй бүс нутгаас нэвтэрч буй хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын уралдаан тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.
Хуралдааны дүнд аймгийн Засаг дарга дараах агуулгатай захирамж гаргажээ.
- Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон голомтот бүс нутгаас хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр/ -аас бусад иргэдийн орох хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас тодорхой хугацаагаар хязгаарлалаа. Хүндэтгэн үзэх шалтгаанаар нэвтэрч буй жолооч, иргэд PCR шинжилгээний хүчинтэй бичигтэйгээ нэвтэрнэ гэсэн үг.
- Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын уралдаан, тэмцээ зохион байгуулахыг хориглолоо.
- Орох хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Чингис хотын хаалганд шалган нэвтрэх хяналтын цэг ажиллуулахыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгалаа.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ц,Чогсомжав, Шуурхай штабын дарга Ж.Эрдэнэбат нарт даалгалаа