Олон улсын олимпын хорооны одоогийн Ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай Томас Бах тус байгууллагын Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллахаар улиран сонгогдлоо.
ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь түүнийг дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна. Тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцжээ.
"Монреаль-1976" олимпын наадмын туялзуур сэлэмний аварга Т.Бах нь Буэнос-Айрес хотноо болсон 2013 оны ОУОХ-ны сонгуульд Р.Каррион (Пуэрто-Рико), Сэр Мяан (Сингапур), С.Бубка (Украин) нарыг ялж, анх удаа ОУОХ-ны 9 дэх Ерөнхийлөгчөөр тодорч байв.
Тэрбээр ОУОХ-ны Дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд Монгол улсад айлчилсан гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.