Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тус аймаг руу нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, маргаашаас эхлэн Улаанбаатар хотоос зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажил, хойшлуулшгүй ажлын шаардлагаар тус аймагт ирэх иргэдийг хүн тус бүрийн PCR шинжилгээний хариу, хүчинтэй хугацааг үндэслэн нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс аймгийн Онцгой комисст өгсөн хүсэлт, өргөдөл, албан бичгийг үндэслэн судалж, бүртгэлжүүлснээр Улаанбаатар хотоос гарах эрх үүснэ.
Мөн өвс, хүнс, шатахууны тээврийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичгээр хийх юм. Улмаар голомтот бүс нутагт орсон эсхүл дайран өнгөрсөн тохиолдолд PCR шинжилгээний хариуг үндэслэн Баянхонгор аймаг руу нэвтрүүлэх аж.
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд аймгийн Онцгой комиссын цахим хаягаар хүсэлтээ хүргүүлэх бөгөөд хариу мэдэгдсэний дараа PCR шинжилгээ өгч тус аймгийн чиглэлд гарахыг анхаарууллаа.