Найруулагч Ц.Хүсэлбаатар өөрийн машин дээр цай, сүүний дээжээ өргөсөн хүнд 17 сая 500 мянган төгрөгийн нэхэмжлэх гаргаж, шүүхэд өгнө гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэрбээр "Цай сүүгээ гэр дотроосоо цонхоор гаргаад цацчихдаг ёс зүйгүй Монголчуудаа би л хувьдаа энэ нөхрийг олж аваад 25х10= 250 000 ×3 нугалаад =750 000 х 10 жил =7 500 000 сэтгэл санааны хохирол 10 000 000 нийт 17 500 000 төгийн гомдол мэдүүлж шүүхдэхээр шийдлээ" гэсэн мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан өгсөн байсан юм.
Иймд найруулагч Ц.Хүсэлбаатараас тухайн мэдэгдэл нь үнэн эсэхийг тодрууллаа.
Та цай сүүний дээжээ машин дээр өргөсөн хүнийг цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн. Үнэхээр шүүх эсвэл цагдаад мэдэгдсэн юм уу?
Үгүй. Орон сууцанд амьдарч байгаа хүмүүст ийм зүйлс байнга тохиолддог. Машинаа дөнгөж угаалгасан даруйд л сүү, цайны дээж өргөсөн байх юм. Би байрныхаа СӨХ-тэй ярилаа. Битгий ингээч гэж гуйж үзлээ. Тагтан дээр нь сүүний ором хүртэл тогтсон байхад очоод хэлэхээр үгүй гэх тайлбар өгдөг. Энэ маягаар маш олон жил үргэлжилж байна. Манайх байрандаа нүүж ирээд арав гаруй жил боллоо. Гэтэл байнга ийм асуудалтай байгаа. Түүнээс гадна хажуу талд байсан машин хүртэл тарлан алаг болчихдог. Ингээд угаалгах гэтэл дрилдэж арилгахгүй бол болдоггүй. Гэтэл дрилэн өнгөлгөө өөрөө 40-50 мянган төгрөг болдог. Иймээс би өөрөө бага зэргийн айлган сүрдүүлсэн юм. Сүрдүүлсэн л болохоос биш би цагдаад өгнө гэж юу байх билээ. Цахим орчинд бага зэргийн сүртэй бичсэн даруйд үүнийг аваад л сэвчихдэг учраас ингэж тавьж үзье гэж бодсон. Тэгсэн байрны СӨХ дор нь арга хэмжээ авсан. Байрны гадаа мэдэгдэл тавиад, цай сүүний дээжээ өргөсөн тохиолдолд 40-50 мянган төгрөгөөр торгоно гэсэн байсан.
Үүний төлөө цагдаад өгнө гэж юу байх билээ. Надад үнэндээ зав ч алга удахгүй шинэ уран бүтээлийн ажилдаа орох гэж байна. Сонин санагдсан зүйл нь гэвэл зарим нэг нөхөд буруугаар хүлээж авсан байсан “Ална чамайг, 100 удаа цохиод ална. Ингээд чи мөнгө нэхээрэй” гэх мэт хариу үйлдэл үзүүлсэн. Гэхдээ энэ нь маш цөөхөн байсан.
Буруу хандлагатай хүмүүсээс илүүтэйгээр энэ явдлыг буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс олон байсан. Гэтэл үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Дээжээ өргөхдөө сайн зүйл сүсэглэж өргөдөг байх. Гэхдээ энэ нь машинаа бохирдуулсан хүний муу хараалыг л сонсоно шүү дээ. Ямар сайхан юм сүү өргөсөн байна эвий эвий гэж хэлэх хүн тэр бүр гарахгүй байх. Монголчууд залхуу байна шүү дээ. Ингэж болохгүй. Би машинаа зогсоолд, тавих ёстой газраа л тавьж байгаа. Гэтэл ийм зүйл болох нь хувиа хичээсэн зүйл л гэж бодож байна. Яагаад гарч ирээд өргөж болдоггүй юм бэ эсвэл яагаад тэр хавьдаа багахан өргөж болохгүй гэж. Хүний эд хөрөнгийг муухай болгохгүй соёлтой байж болно шүү дээ.
Манай байранд таягаа тулсан хөөрхөн эмээ нар аягатай сүү, цайгаа барьж гарч ирээд өргөж байсныг би харж л байлаа. Ямар нь гарч өргөж, ямар нь гэр дотроосоо сүү өргөж байгаа юм бэ гэдгийг бодох л хэрэгтэй. Миний машин дээр өргөсөн сүү нь бүр цөцгийтэй сүү байсан. Гэтэл тэрийг нь дрилэн өнгөлгөөгөөр л арилгасан. Машин нэг удаа угаалгахад 25 мянган төгрөг. Хүн сард нэг удаа угаалгана гэж бодъё. Тэгвэл жилд 12 удаа угаалгана. Ингээд сэтгэл санааны хохирол нэмбэл 17 сая 500 мянга гэж наргиагаар гаргаж ирсэн. Гэхдээ би тухайн үед үнэхээр бухимдсан байрны СӨХ хүлээж авахгүй. Тухайн хүнд хэлэхэд “машинаа өөр газар тавихгүй яасан юм” гэх тайлбарыг хэлдэг. Иймээс цочроох үүднээс би цахимд нийтэлсэн юм. Гэтэл үнэхээр цочирддог юм байна. Яг үнэндээ цагдаад 17 сая 500 төгрөгний нэхэмжлэх гаргана гэж байхгүй шүү дээ. Адилхан л амьдрах гэж байгаа хүмүүс учир огт мэдэгдэл гаргах бодол байхгүй шүү.