Улаанбаатар хотын иргэдээс сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч улс төрийн барометр хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны гуравдугаар сарын судалгааг цувралаар хүргэж байна.
Энэ удаад үйл ажиллагаа нь таалагддаг таван улс төрчийг нэрлэж байна. Энэхүү жагсаалтын нэгдүгээрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 хувьтайгаар жагслаа. Өмнөх саруудад түүний рейтинг 35 хувь байсан бол энэ сард 5 хувиар буурсан байна. Үүнд иргэд Ерөнхий сайдаас хүлээлт өндөртэй байгаа нь нөлөөлж байгаа учраас түүний хэрэгжүүлэх дараа дараагийн үйл ажиллагааны үр дүн ирэх саруудын рейтингийг тодорхойлно.
Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх сарын 26 хувиар жагсаалтын хоёрт бичигдсэн. Түүний үнэлгээ өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш 28-26 хувьд хэлбэлзэж байгаа. Өмнөх оны гуравдугаар сараас хойш бодоход 10 функтээр буурсан үзүүлэлттэй байна.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн рейтинг 25 хувьтайгаар гуравдугаар байрт орсон. Жилийн өмнө 50 хувьтай байсан одоо 25 хүрч буурсан. Үүнд, иргэдийн хүлээлт их өндөр байсан нь нөлөөлсөн. Хүчтэй Ерөнхий сайд, манлайлагчийг тойрч цар тахлыг давья гэсэн эрмэлэзл байлаа. Түүнээс хойш бага багаар буурсаар сонгуульд ялалт байгуулсан ч төдийлөн нөлөөлөлгүй 25 хувь хүртэл буурсан.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатарын рейтинг 1 хувиар өсөж 23 болж дөрөвт бичигдсэн. Тэрээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш идэвхтэй байсан. Оюутолгойн асуудал дээр өөрийн байр суурийг илэрхийлэн зэрэг нь түүний рейтинг иргэдийн дунд бага багаар өсөхөд нөлөөлж байгаа аж.
Тавдугаарт, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сүүлийн саруудад 13 хувьтай байгаа.
Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-нд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар утсаар цуглуулсан байна.