Эрүүл мэндийн яам өнөөдөр Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-Өчигдөр нийт 11170 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 96 хүн, Төв аймагт долоо, Завхан аймагт хоёр хүнээс халдвар илэрлээ. Нийт 109 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 2608 боллоо. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19 халдварын нийт 3481 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас таван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Сонгинохайрхан 20, 35-р хороо, Хан-Уул дүүргийн 15-р хороонд амьдардаг хүмүүс байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 668 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд гурав, хүнд дөрөв, хүндэвтэр 46 , хөнгөн 615 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт Баянзүрх дүүрэгт 24, Баянгол дүүрэгт 21, Сүхбаатар дүүрэгт тав, Сонгинохайрхан дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт 20 тохиолдол тус, тус бүртгэгдсэн байна.
Шинээр халдвар авсан 109 хүнээс 104 хүн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал юм. Эдгээр 104 хүний 94 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол, 10 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн.
Ойрын өдрүүдэд нийслэлд шинээр илрэх халдварын тоо ихэсч олон хүнийг хамарсан томоохон голомтууд бүртгэгдлээ. Төв аймаг болон Завхан аймагт шинээр халдвар бүртгэгдэж аймаг орон нутаг руу халдвар зөөвөрлөгдөж байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч нэн хүнд хүний тоо нэмэгдэж, нас баралт бүртгэгдэж байна. Халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өсөн.
Халдварын тархалтын үе шатаас харахад Улаанбаатар хотод халдвар авах эрсдэлгүй нэг ч дүүрэг, байр, гудамж байхгүй. Өөрөөр хэлбэл, нийслэл хотыг бүхэлд нь халдварын нэг голомт гэж үзэж болохоор байна.
Цаг агаар дулаарч байгаа учраас байгууллагууд агаар сэлгэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед халдварын сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс шинжилгээний хариугаа гартал машин болон ажлын байрандаа өөрийгөө тусгаарлах тохиолдол гарч байна. Ингэх ямар ч шаардлаггүй. ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч, зөвлөгөө өгөх хүртэл амны хаалтаа хоёр давхарлаж зүүгээд, гэртээ очоод гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.