Хоёрдугаар сарын 23-аас эхлэн "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтыг хийж эхэлсэн. Вакцинд эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудыг вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн.
Харин хуваарийн дагуу дээрх хүмүүс бүгд хамрагдсан ба дараагийн ээлжийн албан байгууллагын хүмүүсийг вакцинд хамруулж эхлээд байгаа юм. Үүнд Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой зэрэг байгууллагууд багтаж байна.
ЭМЯ-аас өнөөдөр буюу гуравдугаар сарын 9-нд 15,800 гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөө гаргасан. Тэгвэл нэг цэгт 190-200 хүн хамруулж байгаа талаар газар дээр ажиллаж буй эмч мэргэжилтэн хэлж байлаа.
"Ковид-19"-ийн эсрэг вакцины үйл явцын талаар БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээ, сэхээний эмч О.Сувданчимэгтэй ярилцлаа.
Вакцинд хамруулах ажил хэр эрчимтэй явагдаж байна вэ?
"Астразенека" вакцинын 1-р тун хийгдэж байна. Ингээд ажиглалтын хэсэгт 30 минут хүлээнэ. Энэ хэсэгт манай эрчимт эмчилгээний баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хянаж ажиллаж байна. Иймд бүх шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөц хангалттай ажиллаж байгаа учраас иргэд айж сандрах зүйлгүй хийлгэж болно.
Вакцин хийлгэсний дараа хариу урвал үзүүлж байна уу?
Вакцины дараа нийтлэг ханиад хүрсэн юм шиг болох булчингаар өвдөх, үе мөч өвдөх, толгой өвдөх, гэдэс нь өвдөх гэх зэрэг хөнгөн зэргийн шинж тэмдэг байж болох юм. Харин энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх буюу тав хоногоос дээш хариу урвал үзүүлбэл эмнэлэгт хандах ёстой. Одоогоор ямар нэгэн гаж урвал илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
“Астразенека” вакцинын 2-р тунг хэзээнээс хийж эхлэх бэ?
Вакцин хоорондын зай нэг сар учраас нэг сарын дараа хийж эхэлнэ.
ВАКЦИНД ХАМРАГДСАН ИРГЭД:
-Вакцин хийлгэхэд ямар нэгэн зовиур байна уу?
“Одоогоор мэдэгдэх зүйл алга. Дараагийн тунг дөрөвдүгээр сарын 5-нд хийнэ гэсэн”
“Ямар нэгэн зовиур алга. Вакцин хийлгээд таван минут өнгөрч байна”
“Би 2-р Цахилгаан станцад ажилладаг. Манайх улсын онцгой объект гэж явдаг учраас ажлын шаардлагаар нэгдсэн журмаар биднийг вакцинд хамруулж байна. Вакцин хийлгээд арван минут болсон. Ямар нэгэн зовиур алга. Мөн хоёр дахь тунг 28 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 6-нд хийнэ гэсэн. Эмчийн хэлснээр 7-8 цагийн дараагаар сөрөг урвалууд мэдэгдэж эхэлнэ гэсэн. Тиймээс үүндээ сайн анхаараарай гэж сануулсан. Түүнээс гадна халуурах магадлалтай, тариа хийсэн газар улайж хавдаж магадгүй. Тиймээс маажиж болохгүй, халуун ногоотой хоол идэх, архи дарс хэрэглэж болохгүй. Ямар нэгэн жин тавьж болохгүй, толгой өвдөх үед парацетимол ууж болно гэж эмч зөвлөсөн” гэлээ.