Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, Сассексийн гүн Харри түүний эхнэр Меган Маркл нарын ярилцлага шуугиан тарьж байна. Опра Уинфрийн зочноор уригдсан хосуудын ярилцлага анх Америкийн CBS сувгаар үзэгчдэд хүрсэн ч Британийн ITV мөн дамжуулсан байна. Хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын үеэр хааны гэр бүлийн гишүүн байх үед ирж байсан дарамт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал, сэтгэцийн эрүүл мэнд, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцаа зэрэг олон сэдвийг хөнджээ.
Хунтайж Харри, Меган Маркл нар 2020 оны гуравдугаар сард хааны гэр бүлээс татгалзсанаас хойш анх удаагаа ийнхүү телевизийн ярилцлагад орж болсон хэрэг явдлын талаар илэн далангүй өгүүлжээ.
Меган 2018 оны тавдугаар сард Харритай гэрлэснээс хойш ордонд амьдарсан бөгөөд 2020 оны нэгдүгээр сард Их Британийн хааны гэр бүлийн гишүүдийн албан ёсны үүрэг хариуцлагаас татгалзаж, Калифорни руу нүүсэн юм.
Тэд үүний шалтгааныг олон нийтийн анхааралд өртөхгүй байхтай холбож байсан ч ярилцлагын үеэр хааны ордны гадуурхал, арьс өнгөөр ялгаварлах үзлийг ил болгожээ.
Хатан хааны гэр бүлийн гишүүд Меган болон Харри нарын хүүхдийн арьс ямар өнгөтэй байх талаар санаа зовон ярилцаж байсныг Меган хэлсэн бөгөөд энэ нь маш дарамттай байсан аж. Тэдний анхны хүү Арчи ирэх тавдугаар сард хоёр нас хүрэх ба удахгүй дүүтэй болно.
Хосууд хуримын ёслолоос гурван өдрийн өмнө гэрлэсэн байснаа хэлсэн ба хоёр дахь хүүхдээ зун өлгийдөн авахаа мэдэгдсэн юм. Хоёр дахь хүүхэд нь охин байх аж.
Түүнчлэн язгууртны гэр бүлээс гарснаас хойш тэдэнд санхүүгийн бэрхшээл тулгарсан тул Netflix болон Spotify-тай гэрээ байгуулсан байна.
Ярилцлагын үеэр Харри түүний гэр бүлд санхүүжилт олгохоо зогсоож, аюулгүй байдлыг нь хамгаалахаас татгалзсан нь цочирдом үйл явдал байсан гэжээ. Мөн тэрээр хааны гэр бүлийнхэн гэргий Меганыг нь үл тоомсорлодог байсан тухай өгүүлжээ. Харин Меганы хувьд язгууртан гэр бүлд нөхрөөсөө ч илүү шүүмжлэлтэй хандаж байв. Хааны гэр бүлийн гишүүн байхдаа амиа хорлохыг ч хүсэж байсан тухай Маркл яриад хүү Арчиг нь ордныхон арьс өнгөөр ялгаварлах хандлага гаргадаг гэлээ. Нэрийг нь дурдахыг хүсээгүй хааны гэр бүлийн нэгэн гишүүн Арчиг " Хэр бараан арьстай вэ" гэж Харригаас асууж байсан гэнэ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас Их Британийг орхисон уу гэж Опра асуухад Харри "Энэ бол зөвхөн нэг хэсэг нь байсан" гэж хариулжээ. Тэрээр цааш нь хунтайж Чарльз түүний утасны дуудлагад хариулахаа больсон ч аав, ахтайгаа харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа гэлээ. Тэд өнгөрсөн сард Эдинбургийн гүн Филипп эмнэлэгт хэвтсэний дараа хатан хаантай утсаар холбогджээ.