Өчигдөр тохиосон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зориг агсны хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал гэж Ерөнхий сайд үзжээ.
Бид аливаа асуудлыг судалж үзээгүй байж бүх зүйлд итгэх гэх. Сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Хэрсүү бай!” гэх үгийг моданд оруулсан. Өнөөдөр ч хэрсүү байя л гэж хэлмээр байна.
МАН засагласан таван жилдээ Т.Чимгээгийн хэргийг мартсан байсан юм уу. Одоо эрх барьж байгаа МАН-ын ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар байж л байсан. Тэд нууцаас хэргийг нь гаргана гээд шуугиад л хаясан цаг саяхан. Сонгуулийн сургаар С.Зориг агсны хэргийг сөхөн шуугиулах нь хэнд ашигтай байдаг болоод өнөөдрийг хүртэл ард түмэнд нэг мэхээ дахин хийсээр л байгаа юм бэ.
С.Зориг агсны хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээг хэлмэгдүүлсэн гэж хэдэн жилийн өмнө ярьж л байсан. Өнөөдөр ч энэ хэвээрээ ярьсаар л байна. Үнэндээ Т.Чимгээг гэм буруугүй гээд байгаа юм уу, гэм буруутай ч хэрэг шийдэгдэх процесст дунд эрүүдэн шүүх ажиллагаа байсан гээд байгаа юм уу. Эсвэл шүүх засаглалдаа олны дэмжлэг авч нөлөөлөх гээд байгаа юм уу.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Т.Чимгээтэй уулзаад “Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой” хэмээн хэлсэн.
Т.Чимгээ нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс хоригдож 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 20 жил хоригдох ял авсан.
Хэрвээ Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэх юм байна.
"С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай холбоотой хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа"
Харин өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
“2016 онд Төв аймгийн цагдан хорих байранд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэг олон нийтэд цацагдсан.
Үүний дараа холбогдох хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ТЕГ, ШШГЕГ, АТГ, ЦЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хэргээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Харамсалтай нь давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод буй. Энэ хэргийн шүүх хурал зургаан удаа болсон боловч эцэслэн шийдэгдээгүй байна.
Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу энэ хүмүүсийг эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь 20 жилийн ял оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хууль, эрх зүйн үндэслэл бүрдэх юм. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг ярьсан.
Мөн энэ хэргийн захиалагчтай холбоотой хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа. Гэхдээ захиалагчтай холбоотой хэргээр Т.Чимгээгээс мэдүүлэг, байцаалт аваагүйг тэр өнөөдөр бидэнтэй уулзахдаа хэллээ” гэсэн юм.
Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд аа, Т.Чимгээ нарыг үнэхээр тарчлаасан юм бол тэр шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар одоо хүртэл ажиллаад байгаа юу?
Хүнийг эрүүдэн шүүж хилсээр хэрэг тохсон бол тэрхүү хариуцлага алдсан хуулийн засаглалын хүмүүсийг яагаад огт ярихгүй байгаа юм бэ.
Хүн хэлмэгдүүлж болохгүй! Тарчлааж зовоож болохгүй! Гэхдээ ингээд харахаар юуг ч шийдээгүй МАН 5 жил болчхоод ариун царайгаар эргэн ирж байгаа дүр эсгэж буй нь хачирхалтай!
Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж иргэд жагслаа
ӨчигдөрСүхбаатарын талбайд иргэд эмэгтэйчүүд, жендер, хүний эрхийн асуудлаар тайван жагсаал хийн байр сууриа илэрхийлсэн. Тайван жагсаалд нэгдсэн иргэн “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 5-нд Жендэрийн Үндэсний хорооны хуралдаан дээр “… хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм" гэж маш хариуцлагагүй мэдэгдэл хийж иргэдээ ялгаварлан гадуурхсан үйл явдал боллоо. Тэрээр мэдэгдэлдээ эмэгтэйчүүдийг тэр дундаа нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг нийгмийн идэвхгүй хэсэг мэтээр олон нийтэд ойлгогдохоор жишээг татаж ярьсан. Мөн эрчүүдийг шөнө оройн цагаар идэж, уугаад хэвтэж байдаг ажилгүй хүмүүс гэх мэтээр иргэдээ гарал байдлаар нь зүслэн доромжилсон. Ерөнхий сайдын хувьд энэ хийсэн хариуцлагагүй мэдэгдэлдээ маргааш нь уучлал гуйх нэрийн дор дахин доромжилсон өнгө аястай зүйлийг хэлсэн. Тэрээр буруу ойлгогдсон юм шиг байна. Буруу ойлгосон бол уучилбал уучлаарай гэсэн маягтай зүйл хэлсэн. Тиймээс наад захын хүний эрх, жендерийн мэдрэмжгүй хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулмааргүй байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бид Ерөнхий сайдад энэхүү шаардлагаа тайван замаар хүргэж байна.
Мөн Ерөнхий сайдын нэг ноцтой асуудал нь энэ үүссэн асуудалтай холбогдуулан хорих ангид хоригдож байгаа гэх Т.Чимгээ гэгч эмэгтэйн эрх зөрчигдсөн асуудлаар мэдэгдэл хийсэн. Харамсалтай нь энэ талаар аль хэдийнээ мэдэж байсан хирнээ зөвхөн өөр дээр нь асуудал үүсээд ирэхээр сенсацийг сенсациар дарах оролдлого хийж тэр Т.Чимгээг өнөөдөр мартын 8-наар баяр ёслолын байдалтай очиж эргэсэн. Уг нь тэнд хүний эрх зөрчигдөж байсан асуудлыг мэдэж байсан бол тухайн цаг үед нь тэнд шуурхай арга хэмжээ авч тэнд үүсээд байгаа хүний эрхийн зөрчлийг яаралтай арилгахад өөрийн эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Энэ нөлөөллийг үзүүлэх ёстой байсан. Харамсалтай нь өөр дээр нь үүссэн хүний эрх, эмэгтэйчүүдийг зөрчсөн ноцтой мэдэгдлийн сенсацийг дарах зорилгоор тэр эмэгтэйн асуудлыг сөргүүлж гаргаж ирж байгаа нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Энэ үйлдлүүд нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтууд НҮБ-д нэгдсэн тодорхой гэрээ, конвенцыг зөрчиж байгаа. Ерөнхий сайдад байж боломжгүй хариуцлагагүй алдааг гаргасан. Тиймээс бид Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна” хэмээн ярьсан юм.