Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Маргаашаас /Гуравдугаар сарын 9-нөөс/ вакцинжуулалтын ажил нэлээд өргөн хүрээгээр эрчимтэй явагдана.
Гуравдугаар сард эхний ээлжийн 508 мянга хүнийг, дөрөвдүгээр сард 500 мянга орчим иргэнээ вакцинжуулна гэсэн төлөвлөгөө гаргасан.
Гуравдугаар сарын 9-нд 15,800 гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулна.
3 дугаар сарын 9:
- Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид,
- Төрийн үйлчилгээний компанийн ажилчид,
- Цэвэрлэх байгууламжийн ажилчид,
- Хил хамгаалах ерөнхий газрын ажилчид,
- Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид багтаж байна.
3 дугаар сарын 10:
- Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчид
3 дугаар сарын 11:
- Боловсролын байгууллагын багш, ажилчид гэх мэтээр төлөвлөгөө гаргаад байна.
Энэ дагуу дүүрэг бүрд байгуулагдсан цэгүүдэд вакцинжуулалтын ажил хийгдэх юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 85 цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрд 10-15 цэгийг байгуулсан” гэлээ.
"Цаашид нийт хүн амаа дархлаажуулахын тулд бидэнд 4.5 сая вакцин хэрэгтэй"
Шадар сайд С.Амарсайхан “Цаашид вакцинаа тасралтгүй хийж, нийт хүн амаа дархлаажуулахын тулд бидэнд 4.5 сая вакцин хэрэгтэй.
Үүнээс одоогийн байдлаар бид Синофарм, АстраЗенека, Спутник V зэрэг вакцинуудыг авчраад байна.
Вакцины татан авалт, тээвэрлэлтийн ажил төлөвлөгөөний дагуу тасралтгүй явна. Ингэснээр бид төлөвлөсөн хугацаандаа буюу долдугаар сар гэхэд хүн амын 60 хувийг бүрэн дархлаажуулж дуусна” хэмээн мэдээллээ.