Үүрийн гэгээ хаяарч гэрт сэрүүн жавар хурна хөл хүйт даана нойр хулжин эхэлнэ. Удалгүй ээжийн босох чимээ сонсогдож үстэй улаан дээлээ нөмрөн галаа ноцоож байгаа нь харагдлаа. Амьсгалахаар цухуйх төдийд толгой янгинам хүйтэнд ээж яаж босдог байна хэмээн бодон хэвтэх ахуйд гэр бүлээцэн дуг хийж орхижээ.
Зүүд зүсэн “Миний охин босоорой, 8 цаг болж байна” гэсэн ээжийн үгийг сонсон год хийнэ өндийв. Уцаарлангуй өнгөөр “7 цагт сэрээгээрэй гэж байхад даа, хичээлээсээ хоцрох юм байна л даа” гээд уйлах шахам нойрмог хоёр нүдээ нухлан цаг харвал 6 болж байх нь тэр. Ээж “Миний бор охин цайгаа уухгүй дандаа явах юм, хурдхан босоод хоолоо халуун дээр нь идчих” гээд цайгаа оочин сууна.
Ээж минь нялхаасаа хойд эцгийн нүүр үзэж хар, боргошуу өссөн нэгэн. Айлын том охин тул гэрийн бүх ажил ээжийн нуур дээр ирдэг байсан гэдэг. Гэхдээ тэр болгонд ээж хэзээ ч хэцүү байна гэж хэлж үзээгүй нь хэчнээн сэтгэлийн хаттайг нь илтгэнэ.
Ээжид эзэмшсэн мэргэжил, диплом байхгүй. Гагцхүү түүний энэ насных нь цол гуншин дөрвөн хүүхэд нь. Ээжийн уугуул гарал нь Говь-Алтай аймаг. 2000 оны эхээр бэлчээрийн соргогийг бараадан Сэлэнгэ аймагт нөхөр, гурван хүүхдийн хамт ирж суурьшжээ. Суурьшаад удаагүй ээж үргэлж могой зүүдэлж, манай гэрт ч могой орж ирээд байхаар нь аав, ээж хоёр газар, ус таарахгүй байна гэж бодон нутгийн нэртэй ламд үзүүлэхэд “Сэлэнгэ сайхан нутгаас танайд хүн бэлэглэх гэж байгаа юм байна даа” хэмээснээр би мэндэлсэн гэдэг. Ээж тухайн үедээ хамгаалалттай байсан гэдэг. Түүнийгээ авахуулаагүй удсан бол савны хананд шигдээд хавдар болох байжээ. Тиймээс охин минь миний амийг аварсан гээд энэ түүхээ ярих их ярих дуртай.
Орчлон цасаар хучигдсан өвөл хичээлээ тарна гэр лүүгээ ихэд яарна. Хаалга нээхийн төдийд борцтой банштай цайны үнэр хамар сэнх хийж “Төрсөн өдрийн мэнд” хэмээн цайгаа аягалан инээмсэглэн ээж минь сууна. Ээж миний төрсөн өдөр бүр банштай цай хийж өгнө. Би ч түүнд нь дуртай гэж жигтэйхэн. Цонхоор цасан будрахыг харан таныхаа чанасан цайг уух ямар сайхан гээч.
Ээж минь их л уран гартай. Цагаан сар, наадам дөхөхөөр дээл, хантаазны захиалгад дарагдаж өгнө. Захиалга авсан хүмүүс “Тунгалагмаа эгчийн оёсон дээл хийц сайтай, биед эвтэйхэн, эдэлгээ удаан” гээд заавал дахин үйлчлүүлнэ. Арга ч үгүй дээ, ээж минь шөнийн нойр, өдрийн хоолоо хасна хамаг сэтгэлээ зориулна хийдэг болохоор тэр биз.
Нутгийн олон ээжийн зөв хандлага, хүүхдүүдээ өсгөх ухааныг ам уралдана магтацгаана. Үнэхээр миний ээж үрсийнхээ хажууд ганц ч удаа хүн муулж, буруутгаж үзээгүй. Тийм л мундаг бүсгүй.
Ээж бид хоёрын дунд их нууц бий. Би анхны хайраас авахуулаад болзоот залуугийн үнсэлтээ хүртэл ээждээ бүгдийн ярина. Би нэгэн өдөр ээждээ хөл хүнд болсноо хэлэв. Охиноо нас бага гэж зэмлэлгүй бурхнаас өгсөн бэлэг гээд надаас илүү баярлан хүлээж авсан юм. Ээждээ энэхүү мэдээг хэлэхдээ би огтхон ч айгаагүй. Учир нь үрсээ маш сайн ойлгодог болохоор тэр биз. Магадгүй бид ярилцдаггүй эсвэл ээж дурамжхан хүлээж авсан бол тухайн үед би буруу шийд гаргаж болох байсан.
Ээж маань одоо ч хүний хань болсон “том” охиныгоо үргэлж нялх юм шиг энхрийлнэ. Ээж үрийг маань тэвэрч байгаад халуун хоолыг минь идүүлдэг. Тийм халуун сэтгэл зөвхөн танаас л гардаг. Энэ бол ээжээс минь л мэдэрсэн дулаан мэдрэмж.
Хичээлийн шинэ жил дөхөхөөр ээж бид хоёр замын унаанд дайгдан Дархан явна. Би томоо дэвтрийн цаасан дээр уртаас, урт авах юмаа бичнэ гартаа атгана. Миний сарвайсан болгоныг ээж үг дуугүй авч өгнө. Заримдаа бид хоёрын мөнгө дуусна. Гэвч авч чадаагүй юм үлдчихлээ гэж би хошуугаа дэвсэн хялам хийнэ. Гэхдээ ээж маань өөртөө ганц оймс ч авдаггүй байсныг би анзаарсан ч анзаараагүй юм шиг байдаг байлаа.
Би нийгмийн идэвх сайтай, сургуулиас зохион байгуулсан бүх л юманд явдаг байлаа. Тэрийн болгонд ээж үргэлж л дэмжинэ. Нэг удаа би рубик шооны дугуйланд явна гээд төлбөр болох 10 мянган төгрөг ээжээсээ нэхэв. Ээж хэсэг чимээгүй байснаа “Миний охин дараа нь явж болохгүй юу” гэж асуухад би учиргүй уурлан “Намайг сурч боловсроход хойш татлаа” гээд гоморхож байсан. Сүүлд бодох нь ээ хэдий бага мөнгө боловч танд минь байгаагүй болоод л тэгсэн юм байна лээ.
Өөрөө үрийн зулай үнэрлэсэн хойно ээжийгээ жоохон ч болов ойлгож эхэлсэн. Ээж байна гэдэг нь хүн болгоны хийгээд байдаг амархан зүйл шиг санагдах ч энэ нь үнэхээр хэцүү юм билээ. Учир нь дэлхий дээрх хамгийн хүчтэй хүн байх гэсэн дарамт ирдэг юм шигээ. Хүн аливаа зүйлийг төгс хийх гэж хичээдэг шиг ээж ч гэсэн алхам бүрдээ хүүхдээсээ, амьдралаас суралцаж байдаг. Учир нь ээж ч гэсэн хүн болохоор.
М.Даваацэцэг