Эрүүл мэндийн яамнаас нийт уран бүтээлчдэд хандан баярын өдрүүдээр товлосон, зарласан тоглолтуудаа цуцлахыг уриаллаа. Тухайн тоглолтуудыг хойшлуулж дараа нь тоглох байдлаар иргэдээ хүндлэхийг хүссэн юм.
УДЭТ-тай холбоотой 54 хүнээс КОВИД-19 халдвар илэрсэн бөгөөд түүнийг оролцуулан өнөөдөр нийт 108 хүнээс халдвар илэрч нэг хүн нас барлаа. Улмаар УДЭТ-ын "Анна Каренина" тоглолтыг энэ сарын 4-6-ны хооронд үзсэн иргэдийг шинжилгээ өгөхийг анхааруулсан юм.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинжилгээний хариу нь сөрөг гарлаа гэж хариуцлагаа сулруулаад халдвар авч байна. Мөн хоёр ч буяны ажлын үеэр халдвар тархсан" гэв.
Энэ мэт олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас халдвар илэрч байгаа тул иргэдийг хариуцлагатай байж, хэдийгээр үзвэр үйлчилгээний газруудыг нээсэн ч халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг зөвлөлөө.