Нийслэлийн Онцгой комисс өчигдөр орой шуурхай мэдээлэл хийсэн.
Олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээний газруудад халдвар илэрч байгаатай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр нийслэлийн иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг уриалаад, "Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоохгүй" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Д.СУМЪЯАБАЗАР:
-Иргэддээ цаг үеийн шуурхай мэдээлэл хүргэе. Улсын драмын эрдмийн театрт тоглож байсан "Анна Каренина" жүжигт оролцсон багаас өнөөдөр нийт 54 тохиолдол бүртгэгдлээ. Найр, цайллага, үзвэр үйлчилгээ зэрэгт очихдоо манай иргэд сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй байна. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод коронавирусний халдварын тоо 40, 50, 60, 70 гэх мэтээр илэрч байна. Оршуулгын ёслолд оролцсон 37 хүнээс өмнө нь халдвар илэрсэн гэх мэтээр олон нийт цугласан арга хэмжээнд очсон иргэдээс халдвар илрэх тохиолдол гарч байна.
Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөрт зориулсан тоглолт, олон нийтийн арга хэмжээ цөөнгүй болно. Тоглолт хийх гэж байгаа хүмүүст маань нөхцөл байдал сайнгүй байгааг ойлгож байна. Гэхдээ сүүлийн үеийн халдварын тархалтын нөхцөл байдал сайнгүй байгаа учир урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээг түр зогсоох саналыг Нийслэлийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлж байна. Маргааш өглөө 09:00 цагаас Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдах зар ирж байна. Иймд иргэд, олон нийт та бүхэн дээрх тоглолтыг үзсэн бол гэртээ байж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаарай гэж зөвлөмөөр байна. Хүн бүр дор бүрээ сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүсэж байна.
Хөл хорио цуцлагдаж, хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр халдварын тоо нэмэгдэж байгаа. Энэ бүхэнд та бүхэн бухимдаж, айж сандрахгүй байхыг хүсье. Магадлалаараа халдварын тоо нэмэгдэнэ гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан маань сануулж байсан. Гол нь иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж, өөрсдөдөө болон бусдад хяналт тавьж, халдварыг таслан зогсоох өдөр тутмын үйл ажиллагаанд ухамсартайгаар хандаасай гэж итгэж, найдаж, хүсэж байна.
Халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор, нөгөөтэйгүүр Онцгой комисс, Шуурхай штабаас мэдээлэл хийхээр иргэд маань "Хотоос орох, гарах хөдөлгөөнийг хаах нь. Ахиад хатуу хөл хорио тогтоох нь" гэж ярьж, бичиж байна. Хатуу хөл хорио тогтоохгүй. Уламжлалт найр, одонгийн найр, гэр бүлийн цайллага гэх мэт зүйлсийг иргэд маань өөрсдөө тэвчиж, дараагийн сайн өдрүүдийг хүлээж хийх зэргээр зохицуулж болно. Урлагийн салбарынхан маань удаан хугацаанд үйл ажиллагаа зогсоосон тул тэднийгээ тодорхой хэмжээнд дэмжиж, үйл ажиллагаагаа эхлэх боломжийг нээсэн. Гэхдээ тэд маань вакцинжуулалт жигдэрсний дараа үйл ажиллагаагаа хэвийн явуулах чиглэлд өөрсдийн үйл ажиллагааг мөн уялдуулбал сайн байна. Төр, иргэн, аж ахуйн нэгж гэсэн гурвалсан холбоогоор бие биедээ хяналт тавьж, бүх зүйлийг хэвийн байдалд оруулахын төлөө хамтарч ажиллахыг та бүхнээсээ хүсэж байна. Миний хувьд Улаанбаатар хотод дахин хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.