Алдарт “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральда, “Нора” жүжгийн Нора, “Кихот ноён”-ы Мариторнес, “Тэнгэрийн хүү”-гийн Шага хатан, “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадулам, Бусаны кино наадамд түрүүлсэн “Алсын удирдлага” киноны гол дүр Ану, “Би эндээс явахгүй” уянгын дарамын жүжгийн Дулмаа, дэлхийн сонгодог зохиолуудын нэг “Анна Каренина” жүжгийн гол дүр Анна Каренинаг үзэгчидтэй анх учруулсан УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаатай ярилцлаа.
СУИС-ийг УГЗ С.Сугар багшийн удирдлага дор кино, тайзны жүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр Улсын драмын эрдмийн театрт ороод 8 жил болжээ.
“Тасралтгүй ажиллаж байсныхаа үр шимд өнөөдөр Анна Каренина сонгодог дүр дээр тоглогдох хэмжээнд хүрч ирсэн байх гэж боддог” хэмээн ярьсан тэрээр “Урлагийн хүн болох гэдэг хүний зурсан зураг хувь тавилан байдаг юм шиг санагддаг. Бурхны авралаар би байх ёстой газраа олж чадсан гэж боддог” хэмээн онцолсон.
Урлагийнхан цаг наргүй ажилладаг хэмээн шүүмжлүүлэх тал бий. Тэгвэл жүжигчин Н.Баярмаа “Миний ар гэр намайг хангалттай дэмждэг. Аль болох би тэнцвэрийг барихын боддог. Завтай үе гарах юм бол гэр бүлдээ хангалттай цагаа зарцуулж сэтгэл хувирахгүйгээр тэндээ байж чадахыг хичээдэг. Ажил дээрээ ирсэн үедээ гэр орондоо хойшоо зовохгүйгээр яг эндээ оршиж байхыг хичээдэг. Амьдралыг тэнцвэрийг олно гэж байна шүү дээ. Аль болох тэр тэнцвэрийг алдуулахгүй өөрийнхөө хүссэнийг ч хийгээд ар гэрээ ч зутраачихгүй явахыг хичээдэг” хэмээн инээмсэглэн ярив.
Багадаа “Ангийн дарга гээд л хүүхдүүдийг шугамаар цохиод л өөрийгөө их том дарга гээд. Өсгөлүүн том биетэйг ч хэлэх үү их нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Эцг эх хүүхдээ ямар хүн болж төлөвшихийг багаас нь чиглүүлж өгдөг гэж боддог. Тиймдээ ч би өнөөдөр эцэг эхийнхээ чиглүүлж өгсөн тэр л замаар зөв явж байгаа гэж боддог.
Театртаа ажиллах хугацаандаа чамлахааргүй олон дүрийг бүтээсэн хэмээн дураахнаар өгүүлэх тэрээр “Нийгэмд зөв сайхны үлгэр дуурайл болж чаддаг, үнэ цэнэтэй ажил байгаасай. Жүжигчний нэр хүнд тийм байгаасай гэж энэ тал дээр хувь хүнийхээ хувьд их хичээж явдаг” хэмээн мэргэжлээрээ бахархан байлаа.
“Миний бодлоор уран бүтээл гэдэг бол халуун догдлол, зүрх сэтгэлийг өвтгөсөн ч юм уу, их баярлуулсан ч юм уу тийм хүчтэй мэдрэмж дээр төрдөг юм шиг санагддаг.
Сонгодог жүжгийн ард гарахад тэр жүжигчин жүжигчнийхээ хувьд ч,хувь хүнийхээ хувьд өөрчлөлтөд орсон байдаг гэж итгэдэг. Том дүр дээр орох тусмаа л жүжигчин хүний хувьд илүү их өөрийгөө нээх боломж олддог.
Анна Каренинаг магадгүй энэ уйтгартай хуучны зохиол шүү дээ гэж бодсон бол үзэгчид үзэхгүй байх байсан. Найруулагчийн ур ухаан, жүжигчдийн ур чадвар үзэгчдийг байлдан дагуулах хэмжээнд ажиллаж байгаа учраас үзэгчдийн хүлээлтэд тэнцсэн болов уу гэж бодож байгаа” хэмээн догдлол дүүрэн бидэнтэй ярилцлаа.
“Жинхэнэ хайраа олж чадсан хайруулж чадсан эмэгтэй бол хамгийн азтай. Дотор байгаа жинхэнэ хүнийг нь сэрээж, хайр л хүнийг нисгэж чаддаг юм шиг санагддаг. Гэхдээ хайр болгон гоё биш. Хуурамч, хатуу хайр бол магадгүй хүнийг үхэлд ч хүргэж байгаа. Би Аннаг зөвтгөж ч чаддаггүй буруутгаж ч чаддаггүй" хэмээн одоо тоглож байгаа гол дүрийнхээ талаар ярилаа.
Уран бүтээлч хүний давуу талуудын талаар тэрээр “Зохиол дээр гарч байгаа үйл явдлууд, уран зохиол, роман, жүжиг дээр гарч байгаа тэр олон дүрүүд, олон зөрчлүүд хүний амьдралын туулж болох, туулсаар ирсэн, ирээдүйд ийм амьдралыг битгий туулаарай гэдэг ч юм уу, эсвэл ийм үед ингээрэй гэдэг амьдралын хичээл шиг надад санагддаг.
Сүүлийн үед мундаг боловсролтой охид, бүсгүйчүүд зөндөө байна. Дээр нь амьдралаа мундаг, маш олон ачааг зэрэг үүрээд авч явж байгаа тэр эмэгтэйчүүдээрээ би бахархдаг.
Цагийг дэмий үрэхээс их айдаг болсон. Хоосон чалчих, дэмий яриа өрнүүлэх зэрэг онц шаардлагатай биш зүйлд цаг үрэх дургүй. Түүний оронд сайхан амраад авах эсвэл сайхан яриа хөөрөөтэй гоё хүмүүстэй яриа дэлгээд ярихаасаа илүү бусдаас сонсож суралцах дуртай” хэмээн бидэнтэй ярилцлаа.