Та бүхэнд сонирхлоо бизнес болгон хөгжүүлж чадсан 17 настай Б.Мишээлийг танилцуулж байна. Тэрээр 10 наснаасаа эхлэн нарийн боов, бялуу хийж сурсан. Одоогоор өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж байна.
Б.Мишээл өнгөрсөн жилийн тавдугаар сараас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлжээ. Гэрийнхэндээ л амсуулдаг байсан бүтээгдэхүүнээ өөр олон хүнд хүргэх бодол нь түүнийг бизнесээ эхлүүлэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан байна.
Зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд багагүй айдастай байжээ. Учир нь хэрэглэгчид хэрхэн хүлээж авах, ямар сэтгэгдэл хэлэх бол гэсэн эргэлзээ төрч байснаа нуусангүй. Тэрээр анхны удаа бүх зүйл бүтэмжтэй болдоггүй олон удаагийн оролдлогоор амжилтад хүрдэг гэдгийг онцоллоо.
Түүнтэй ижил шинэ зүйлсийг туршиж, оролдож үзэж байгаа үеийн найзууддаа хандан “Дуртай зүйлээ хийгээрэй гэж хэлье. Би бейкери хийх дуртай. Үүндээ маш их сэтгэлээ шингээж хийдэг. Өөрсдийнхөө боломжийг олж хараад түүнийгээ бий болгоорой” хэмээлээ.