Төв аймгийн Онцгой комиссын дэд дарга, ОБГ-ын дарга, Хурандаа Н.Төмөрбаатар, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 26-нд Улаанбаатар хотоос иргэн З айлын ажил явдалд оролцохоор Төв аймгийн Зуунмод суманд ирж, Улаанбаатар хотод эргэн очиж шинжилгээ өгсөн. Түүний шинжилгээний хариу гуравдугаар сарын 4-нд гарч коронавирусийн халдвар авсан болох нь батлагдсан байна.
Энэ мэдээлэл энэ сарын 4-нд 19:00 цагт ХӨСҮТ-ээс Төв аймгийн ЭМГ-т ирсэн. Үүний дагуу хариу арга хэмжээ авч, түүний ойрын хавьтал болох 62 хүнийг тодруулан PCR шинжилгээ аван 5-ны өглөө ХӨСҮТ-д хүргэж өгсөн.
Өнөөдөр 14:50 минутад ХӨСҮТ-өөс 58 иргэний хариу сөрөг 4 иргэний хариу эерэг буюу Зуунмод суманд коронавирусийн 4 тохиолдол батлагдлаа.
Тиймээс Зуунмод сумаас орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоолоо.