Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан U Film хамтран өнөөдөр төв талбай дээр 50 хаалгыг байршуулж хүчирхийлэлд өртсөн иргэдийн дуу хоолойг ил болголоо. Харахад амьгүй хаалга, цаас байгаа ч эдгээр захидлууд бүгд хүчирхийллийн хохирогчдын гараараа бичсэн захиа нар учраас чимээгүй жагсаал ч гэж хэлж болохоор байлаа.
Жүжигчин Г.Ундармаа “Эмэгтэйчүүдийн холбоо өөрсдөө санаачлаад 18 аймаг, гурван хотод амьдарч байгаа бүх хүмүүсээс “Асуудлыг асууя” сэдэвтэй аян явуулсан. Тэр аяны хүрээнд эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд хүртэл хандан захидал, бичсэн. Эдгээр захидлын 80 хувь нь хүчирхийлэлтэй холбоотой захидлууд байсан. Тиймээс бид ярилцаад “Хаалга” төслийг эхлүүллээ. Хүчирхийллийн ихэнх нь хаалганы цаана болдог. Энэ хаалганы цаана хүчирхийлэл үлдээд ил гарахгүй байна. Хүчирхийлүүлж байгаа хүн нь хүртэл хаалга нээхийг хүсэхгүй байна, айж байна, мэдэхгүй байна. Монголд хүчирхийллийн тухай боловсрол, мэдлэг мэдээлэл муу, иргэд сонирхдоггүй. Хүчирхийлэлд байгаагаа ч ихэнх нь мэддэггүй санагдсан. Өнөөдөр төв талбай дээр 50 хаалга байрлуулан 10 захидлыг дэлгэлээ. Үүнийг уншихад ямар ч хүний зүрх зүсэгдэм, нулимстай, сэтгэл хүнд байсан. Тэгээд бодоход захиа уншсан бидэнд тийм хүнд байгаа юм чинь хүчирхийлэлд бие махбод, сэтгэл зүрхээрээ мэдэрч байгаа хүн үнэхээр хэцүү байдаг юм байна гээд бид Эмэгтэйчүүдийн холбооны захиалгыг хүлээж аваад сэтгүүлч, редактор Заяа манай төслийн ерөнхий зөвлөлөөр ажиллан U Film багаараа ороод урт хугацаанд хүчирхийлэл дээр ажиллалаа. Хүнд юм байна. Би энэ төслийг дуусгаад сэтгэл зүйчид хандмаар л санагдсан. Тиймээс эрт ярилцья, асуудлыг болсных нь дараа биш болохоос нь өмнө анхаарулья, сануулья, зааж өгье, мэдлэг мэдээлэл өгье. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бусдад анхааруулья, дуу хоолой больё гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс нэгдээд цаашдаа байнга анхааруулах сургах хэлбэрээр явна. Энэ ажил зогсохгүй. Дараа жилийн гуравдугаар сарын 8-нд гэхэд хүчирхийллийн асуудлын нэлээд багассан. Олон эмэгтэйчүүд нулимстай биш инээмсэглэлтэй болсон. Эрчүүд сэтгэлийн хүчтэй, хүүхдүүд жаргалтай болсон байхыг хүсэж байна” хэмээн онцоллоо.