Манай улсад коронавирусийн эсрэг дөрвөн вакциныг албан ёсоор бүртгэснээс Астразеника, Спутник-V, Синофарм вакцинууд албан ёсоор орж ирсэн. Хоёрдугаар сарын 23-наас дархлаажуулалтад хамрагдсан иргэд Астразеника вакциныг хийлгэсэн бол Спутник-V болоод Синофарм вакциныг өчигдөр эрдэмтдийн төлөөлөл хийлгэлээ. Ингэснээр иргэд гурван төрлийн вакцинаас сонгож хийлгэх боломж бүрдэж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд нэг төрлийн вакцин хийж байсан бол цаашид Спутник-V болоод Синофарм вакциныг хийж эхлэхээр болсон. Үүнд ДЭМБ эдгээр вакциныг албан ёсоор батлаагүй байхад яагаад хийж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнд УОК–ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл дарга гурван үндэслэлийг хэллээ.
- Нэгдүгээрт, тухайн вакцин Монгол Улсад орж ирсний дараа хүний эмийн зөвлөлөөр эдгээр вакцинуудыг шинжилсэн. Үүнийхээ дараа Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэдэг. Эмийн бүртгэлд бүртгэсэн учраас эдгээр вакциныг иргэдэд хийх эрх зүйн орчин бүрдсэн гэдэг тайлбарыг хэллээ.
- Хоёрдугаарт, тухайн вакцинууд технологийн хувьд дархлаажуулалт үүсдэг гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч энэ нь нотлогдсон. Спутник-V вакциныг өнөөдөр 30 гаруй улс дархлаажуулалтдаа ашиглаж байгаа бол Синофарм вакциныг 50 гаруй улс дархлаажуулалтдаа ашиглаад эхэлсэн. Иймд эдгээр вакциныг Монгол Улсад хийхэд боломжтой гэж үзсэн.
- Гуравдугаарт, вакцинд хамрагдалтыг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
Шинжлэх ухааны доктор профессор З.Батсүх "Синофарм вакциныг 50 гаруй улс, Спутникийг 30 орчим улс авч гоц халдварт коронавирус өвчнөөс сэргийлэхэд хэрэглэж байна. Гурваас доошгүй оронд бүртгэгдсэн вакциныг автоматаар бүртгэж болно гэсэн заалт бас бий. Манай улсад орж ирсэн вакцинууд хангалттай сайн батлагдсан, олон улсад хэрэглэгдэж байгаа юм.
Англи, БНХАУ-д идэвхтэй тархаж байсан мутацид АстраЗенекагийн хамгаалах идэвх нь сул байна гэж гарсан зүйлүүд бий. Бусад вакцинуудын хамгаалах идэвхийг шинэ мутациуд дээр туршсан зүйл одоогоор алга байна.
Монголд илэрч байгаа коронавирусийн удам зүйн дарааллыг тогтоосон судлаачдын мэдээлж буйгаар дархлааны хариу урвалд өөр нөлөө үзүүлсэн бусад мутациуд орж ирээгүй байна гэсэн судалгааны дүн байна. Одоохондоо бол манай улсад бүртгэгдсэн дөрвөн вакцин вирусээс хамгаалах чадвартай" гэв.
Халдвар судлалын эмч нар вакцинжуулалтад хяналт тавьж байгаа. Нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 орчим хувьд хөнгөн хэлбэрийн урвал илэрсэнийг эрдэмтэд онцолсон юм.
ВАКЦИН ҮЙЛЧИЛДЭГГҮЙ МУТАЦИ ГАРНА ГЭДЭГ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ
Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг "Манай улсад дөрвөн төрлийн вакцин бүртгэсэн. Яагаад ийм олон төрлийн вакцин бүртгэсэн бэ гэхээр хэрэглэгчид сонгох асуудал бий. Нөгөө талаар эмч үйлчлүүлэгчийнхээ биеийн байдлыг хараад аль вакцин тохирохыг зөвлөнө. Арга технологийн хувьд дөрвүүлээ ялгаатай.
Хоёр нь шинэ бөгөөд хүнд хэрэглэж байгаагүй. Нэг нь туршилт судалгаа хийгдсэн, харин үлдсэн нэг нь 100 гаруй жилийн өмнөөс хэрэглэж ирсэн вакцин юм. Үүнээс жишээ болгож Спутник вакциныг яръя. Спутникийн хувьд векторын вакцин. Вектор гэдэг нь тухайн цар тахал үүсгэж байгаа коронавирусийн гадаргын сэртэн уургийг агуулсан, генийн инженерийн аргаар аденовирустэй угсарсан вирус юм.
Адено вирус нь амьсгалын замын өвчний 15-20 хувийг үүсгэдэг. Уг вирусийн үржих чадвартай генийг таслаж авсан учраас хүний эсэд зөвхөн коронавирусийн генийг зөөж аваачиж өгөх үүрэгтэй. Энэ технологийн судалгаа 20-30 жилийн өмнөөс эхэлсэн. Анхны судалгаанд манай улс мөн оролцож байсан.
Вирусны амьдрах зарчим мутаци болох дээр үндэслэж байгаа. Коронавируст 2,000 гаруй мутаци үүссэн. Вакцин үйлчилдэггүй мутаци гарна гэдэг нь боломжгүй зүйл. Огт хоргүй эм гэж байхгүй. Вакцины хувьд ч адилхан. Вакцин тарьсны дараа дархлалын урвал гэж бий. Огт бүртгэгдээгүй урвал бүртгэгдээгүй. АстраЗенека вакцинд ямар урвал үүсэж байгааг тэмдэглээд явж байна" гэлээ.
Хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн вакцинжуулалтад нийт 2 сая хүн амыг хамруулах боловч гуравдугаар сарын 5-ны байдлаар 15432 хүн буюу нийт хамрагдах хүн амынхаа 0.7 хувьд хийгдсэн байна.
Харин вакцины нөөц:
Астразеника-150 мянган тун
Синофарм-300 мянган тун
Спутник-V-10 мянган тун
Вакцин хийж байгаа хамрагдалт бага байгаа, үүнийг цаашид нэмэгдүүлэхгүй бол вакцинжуулалт үр дүн үзүүлэхгүй гэсэн учраас өчигдөр эрдэмтэд өөрсдөө манлайлж Спутник-V, Синофарм вакциныг хийлгэж эхлүүллээ.
Эрдэмтэд Европын орнууд өнөөдрөөс эхлэн Спутник-V вакциныг хийж эхэлж байгааг дуулгалаа.
Вакцинд хамрагдсан иргэдийг хяналтын өрөөнд ашигладаг юм байна. Ингэхдээ эрсдэлтэй гээд улаан тэмдэг тавьсан бол 30 минут хяналтад байна. 30 минутын дараа тухайн хүний даралт, амин үзүүлэлтүүдийг хянан ямар нэгэн асуудалгүй бол явуулж байгаа аж. Харин ногоон тэмдэгтэй иргэдийг 15 минут хянан энэ хугацаанд халуун бүлээн ус уух боломжоор хангажээ. Учир нь вакцин хийлгэсэн иргэн тухайн өдрөө шингэн сайн уух хэрэгтэйг эмч нар зөвлөлөө.