Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатарыг томилжээ. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон ч тэрбээр Олон нийтийн телевизийн дүрэм, журмыг зөрчсөн тул албан тушаалаас нь энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр чөлөөлсөн.
Н.Дэмбэрэл нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажилласан нэгхэн сарын хугацаанд эфирийн гурван удаагийн зөрчил гаргасан гэдэг гомдлыг телевизийн хамт олон гаргасан юм. Тухайлбал, Хүүхдийн төлөө фонд нэрээр мөнгө босгох гэж эфирийг цаг эвдэн олон цаг шууд дамжуулсан. Хоёрт, Соёлын сайд асан С.Чулууныг хамгаалах ажлыг олон нийтийн телевизээр нэвтрүүлсэн. Гуравт, Н.Дэмбэрэл тус телевизийн захирал болмогцоо программ зөрчиж, 600 студид Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийсэн. Энэ үеэрээ хувийн студийн техник хэрэгсэл, уран бүтээлчдийг оролцуулсан нь телевизийн уран бүтээлчдийн шүүмжлэлтэй тулгарч ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болсон.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар, “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү, сэтгүүлч Р.Гандиймаа, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл, “TV5” телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа, “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа, Т.Бат-Оргил нар нэр дэвшсэн юм.