УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрээр 2020 онд Монгол Улсын Засгийн газраас ковид цар тахлын эрэг авч хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилттэй холбоотой мэдээллийг хийлээ.
“Энэ талх бол 2020 Монгол Улсын төсөв гэж ойлгоё. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр бид Монголын ард түмэн хүртэх ёстой төсвийн орлого байгаа. Энэ төсвийн орлогын 5.1 их наяд төгрөг буюу бараг талаар нь цар тахлын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Харамсалтай нь энэ хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнгээ өгөөгүй.
5.1 их наяд төгрөгөөр дараах гурван зүйлийг хэрэгжүүлнэ гэж Засгийн газар шийдсэн.
Нэгдүгээрт иргэдийнхээ эрүүл мэндийн энэхүү цар тахлаас хамгаалья
Хоёрдугаарт эдийн засгаа цар тахлын нөлөөллөөс хамгаалья
Гуравдугаарт компани, аж ахуйн нэгжүүдийг ковидийн үеийн хориг, албадлагын арга хэмжээнээс болж уналтад орохоос хамгаалья гэдэг зорилтыг тавьсан.
Та бүхэн энэ зорилтыг хэрэгжсэн үү гэдгийг дотроо тунгааж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд энэ гурван зорилт хэрэгжсэнгүй.
Цар тахлыг дотооддоо алдсан өнөөдөр гэхэд 77 хүн илэрлээ. Хөдөө аймгуудаар гарч байна.
Эдийн засгаа цар тахлаас хамгаалья арга хэмжээ бүрэн биелсэнгүй. Эдийн засаг 5.3 хувиар агшсан. Энэ агшилт эдийн засгаа хамгаалья гэдэг тэр зорилтыг биелүүлж чадсангүй.
Компани, аж ахуйн нэгжүүдээ хамгаалья гэдэг зорилт нь бас биелсэнгүй. Худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргаж өгсөн судалгаагаар нийт аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн 75 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон буюу хагас зогсоосон байдалтай байна. Энд ажилладаг 400 мянган хүн цалингаа аваагүй гэдэг статистик гарсан.
5.1 их наяд төгрөг буюу 1.7 тэрбум ам.долларыг Монгол Улсын Засгийн газар Ковидийн эсрэг арга хэмжээнд зарцуулчихаад яагаад манай гэрт орж ирж ирсэнгүй вэ гэж хүмүүс хардаад байгаа. Ийм хардлага байгаа учраас би Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ковидийн зарцуулалтын талаар асуулга явуулсан. Асуулгын хариу ирсэн.
Үүний зургаадугаар асуултыг танилцуулья.
Монгол Улсын төсвийн орлогын тал хувьд буюу 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний татвар төлөгчдийн асар их хөрөнгө зарцуулсан хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнгийн талаар гэсэн асуултын хариуд богино хариулт ирүүлж сүүлд нь 2020 онд 2.4 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна гэсэн.
Үлдсэн 2.7 их наяд төгрөг нь хаачсан юм бэ. Үүнд хамгийн их хардлага гарч ирж байгаа.
Ковидийн улмаас эдийн засаг маш их хүндэрсэн энэ үед эрх баригч нар ард иргэдийн амьдралыг сайжруулах тал дээр огт ажил хийхгүй 2 тэрбум төгрөгөөр хөшөө барьсан, 3.2 тэрбум төгрөгөөр усыг нь зөөдөг усан сан байгуулсан. Дээрээс нь анх 53 тэрбум төгрөгийн музей байгуулна гэсэн ч энэ жилийн төсвийн гүйцэтгэлээр 85 тэрбум төгрөг болоод 30 тэрбум төгрөгөөр өссөн музей барьсан шигээ явж байна.
Ийм л үр дүнгүй зарцуулалтыг өнөөдрийн Засгийн газар гаргаж байна.
Хамгийн энгийн жишээ эхлье. Өнөөдөр ковидийн өвчлөл авсан хүн эмнэлэгт хэвтэхэд эмчилгээний зардал нь 8 сая төгрөг гарч байгаа гэдэг. Гэтэл тэр эмчлүүлсэн хүмүүс нь бидэнд хэдхэн витамин өгсөн, өөр зүйл өгөөгүй гэж гайхаад байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэлэг, буудлын мөнгийг төлчхөөд эмчилгээний зардал гэж эрх баригч нар аваад байсан байх жишээтэй.
Хамгийн наад захын хулгайн жишээг хэлье. N95 амны хаалт эмийн сангуудаар 2000 төгрөгөөр борлуулж байгаа. Гэтэл үүнийг 20 мянган төгрөгөөр бөөнөөр нь нийлүүлнэ гэсэн тендер зарлаад эрх баригч нар хулгай хийж байгаа. Асар их хэмжээний мөнгийг буюу 2.7 их наяд төгрөгийн хулгайг 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрөөс эрх баригч нар хулгайлсан. Энэ мөнгөний нэг хэсгийг нь өнгөрсөн 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд зарцуулсан гэдэг нь тодорхой болж байгаа.
Эхнэр хоёр хоёулаа Приустэй ч хоолны талон авч байгаа гэр бүл байна. УИХ-ын дарга индэр дээрээс “Мянгат малчин хоолны талон аваад байна. Арай хэтэрч байна” гэж хэлсэн.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ би шаардлага явуулж байгаа. Энэ шаардлагын хүрээнд 5.1 их наяд төгрөгийн зарцуулалтыг тодорхой бүрэн ард иргэддээ тайлагна. Буруу зарцуулсан бол тэр албан тушаалтнуудад хариуцлага тооц. Түүний дараа 10 их наяд төгрөгийн хөтөлбөр рүүгээ шилж.
Ард иргэд компаниудын хүсэл, зорилго байна. Бага хүүтэй зээл аваад аж ахуйн нэгж, компаниа өөд нь татья гэсэн хүсэл дээр энэ 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүний Монголбанктай холбогдсон хэсэг дээр би дэмжээд явна.
Өнөөдөр 10 их наяд төгрөгийн хөтөлбөр дээр асуудал бий. 2 их наяд төгрөгийг компани, аж ахуйн нэгжүүдэд 3 хувийн хүүтэй зээл олгоно гэж. Энэ зээлийг авахын тулд өндөр шалгууртай. Бараг л битгий энэ зээлийг аваач ээ гэдэг шалгуур тавьсан байгаа. Энэ шалгуурыг хэн яаж давах вэ гэхээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд танай компани санал өгөх юм бол өгнө гэдэг шалгуур давах юм бол авна. Дээрээс нь 500 мянган залууст 2 сар сургалтад суугаад 1 сая төгрөг өгөхөөр тусгагдсан. Хичээл нь юугаар эхлэхийг мэдэх үү. Энхрий хайрт МАН гэж эхэлнэ. Хамгийн сүүлд ширээн доогуураа МАН-д санал өгөөрэй гэж шивнэнэ. Ийм л хөтөлбөр явж байгаа. Өөрөөр хэлбэл 500 мянган залуугийн сонгуулийг худалдаж авах зорилгоор хөтөлбөр явж байна. Ийм бүтэлгүй хөтөлбөрүүд энэ дотор байгаа. Гэхдээ ихэнх нь боломжийн хөтөлбөр гэж үзэж байгаа.
Нэг мэхээр хоёр удаа явдаггүй юм. Ард иргэдийн татварын мөнгөөр 2020 оны сонгуулийг худалдаж авсан бол 2021 оны сонгуулийг энэ 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөөр худалдаж авна гэж байгаа бол эндүүрэл. Нэхэл хатуутай шаардах болно.
Төсвийн хяналтын зардлын дэд хорооны даргын хувьд бүх мөнгөний мөрөөр орох боломжтой албан тушаалтан гэдгээ хэлье. Нэг зүйлийг хатуу хэлье.
5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд маш их хөрөнгийг тендергүйгээр худалдан авсан. Олон улсад сэтгүүлчдийн болон бусад эдийн засагчдын хамтран байгуулсан тухайн үйлдвэрлэгчээс нь хэдэн төгрөгөөр ямар бараа худалдан авсан. Хаана очсон гэдгийг бүрэн дүүрэн үе шаттай нь гаргах хөтөлбөр, байгууллага байдаг. Энэ байгууллагатай холбоо тогтоож эрх баригчдын хулгайлсан бүгдийг ил болгохоор ажиллах болно гэдгээ хэлье.
Сэтгүүлчдэд эрх баригчдын булхай, луйврыг нийтэд ил болгохын төлөө хамтран зүтгэх болно гэдэгт итгэж байна” гэж мэдээллээ.